Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

1970-1980 онд баригдсан цэцэрлэг, сургууль, орон сууцанд дулааны алдагдал бууруулах засвар хийж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.

Тэрбээр цэцэрлэгүүдийн хүртээмж, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгад хийгдэж буй их болон урсгал засварын явцыг үзэж, холбогдох албаныхантай зөвлөлдөв. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, цонхыг солих зэрэг их засварын ажлууд хийгдэж байна. Өмнө нь Чингэлтэй, Налайх дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянгол, ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт гэх мэтээр нийслэлийн хэмжээнд хүүхдүүд тохитой, дулаан орчинд сурах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн барилгаас гадна угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй байна. Хотын даргын зүгээс хамгийн түрүүнд хүүхдүүд хамгийн их цагийг өнгөрөөж буй сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах чиглэл өгсний дагуу дээрх дулаан алдагдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн хэмээн танилцууллаа.

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 1970-1980 ОНЫ БАРИЛГА ОЛОН БИЙ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:

-Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 23 мянган хүүхэд бий. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүд хамтран төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 600 орчим хүүхдэд цэцэрлэг, анги танхим хүрэлцээтэй биш байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс  цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын дарга нар хамтран хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах талд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцолъё. Анги өргөтгөх, засварлах, байр түрээслэх гэхчлэн бүхий л арга хэмжээг авч байна.

Манай Баянгол дүүрэг орон сууцны хороолол олонтой. Тэр хэрээр барилгууд нь насжилт өндөртэй. 3,4 дүгээр хорооллын барилгууд 1970-1980 оных байдаг бол Төмөр зам орчимд 1960-аад онд баригдсан сургууль, цэцэрлэг ч бий. Тиймээс барилгууд нь нэлээд муудсан. Сүүлийн жилүүдэд шинээр сургууль, цэцэрлэг барихад анхаараад хуучин барилгын засварыг орхигдуулсан тал бий. Тэдгээрийн нэг нь бидний ирээд буй 157 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгийг дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамруулж, дээвэр, дулаан алдалт, фасадын засварыг хийсэн. Одоо дотор засварууд үлдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдсэн учир есдүгээр сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авах болно. Цаашид төсөлд хамруулах цэцэрлэг бий. Зарим орон сууцны барилгад ч дулааны алдагдлыг бууруулах ажлыг амжилттай хийж байгаа гэсэн юм.

Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хувьд 1991 оноос монгол цэцэрлэг болон ажиллаж эхэлсэн. 14 бүлгийн 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 48 багш, ажилтантай цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт төсөл хэрэгжихээс өмнө цэцэрлэгийн нөхцөл байдал асар хүнд байсныг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа. Анх байгуулагдсан цагаас хойш барилгын болон сантехникийн их засвар хийгээгүйгээс гадна фасад огт засагдаагүй өнөөдрийг хүрсэн байна. Өвлийн улиралд тасалгааны температур 11-12 хэмээс хэтэрдэггүй, дулааны алдагдал ихтэй байсан тул Дэлхийн банкны “Дулааны алдагдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд их засвар хийж буй юм. Түүнчлэн хүртээмж өндөртэй цэцэрлэг учир 440 сая төгрөгийн дотор засварыг хийх болсонд баяртай байгаагаа тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа онцолж байлаа.

Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул:

-Манай цэцэрлэг 1991 онд ашиглалтад орсон, эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ганц цэцэрлэг учраас ачаалал байх ёстойгоосоо хоёр дахин их байдаг. Энэхүү төсөл манай цэцэрлэгт хэрэгжсэнээр хүүхдүүд дулаан орчинд сурах боломжтой болж байна. Сурах орчин нөхцөл сайжирснаар хүүхдүүдийн дундах өвчлөл буурч, хичээлдээ таслахгүй явах боломж бүрдэж, сурлагын таатай орчин бий болж болно. Үүнд их баяртай байна.

ОРШИН СУУГЧИД ДУЛААН ӨВӨЛЖИХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

Харин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах засварын тухайд:

-Энэхүү орон сууц нь 1977 онд баригдсан хуучны барилга бөгөөд дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог байсан. Тиймээс Дэлхийн банкны төслөөр гадна фасадын засвар, дээврийн засварыг хийж байна. Өмнөх жил 2А байранд хийсэн засвар, үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа. Энэ жилийн хувьд ч чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж "Тэгш бүрэн констракшн" ХХК-ийн талбайн инженер Ж.Тунгалаг өгүүллээ.

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Г.Байгалмаа “Манай байр өвөлдөө маш хүйтэн байдаг. Дулаалга хийснээр ирэх өвлөөс дулаан өвөлжинө гэж итгэж байна. Засварын хувьд хамгийн чанартай сайн хөөсөнцөр ашиглаж байгаад баяртай байна. Зургаадугаар сард эхэлсэн засварын ажил урагштай сайн хийгдэж байгаа” хэмээн өгүүлсэн юм.

ЭНЭ ОНД ЕСӨН БАРИЛГЫН ДУЛААНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛНА

“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох:

-Уг төсөл 2012 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд 2020 оноос хоёрдугаар шат эхэлсэн. Нийслэлийн сургууль цэцэрлэгийн цөөнгүй хувь нь олон жилийн өмнө баригдсан учир дулааны болон эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Тиймээс алдагдал бууруулж, хэмнэлт гаргах зорилгоор манай төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих сургууль, цэцэрлэгийг Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн бусад харьяа байгууллагуудтай зөвшилцөн, газар дээр нь нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр сонгосон. 2022 онд есөн барилгад дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Үүнээс дөрөв нь орон сууц, мөн дөрөв нь цэцэрлэг, нэг нь сургуулийн барилга. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх ажлыг дуусгаж, хүлээлгэн өгнө. “Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төсөл 2023 оны 12 дугаар сард албан ёсоор хэрэгжиж дуусна. Нийслэлийн удирдлагууд уг төслийг маш их дэмждэг учраас төслийн санхүүжүүлэгч Дэлхийн банканд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлт тавьж, ярилцах болно гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох