Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчтэй цаг үеийн асуудлаар санал солилцов
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрөгч 06 дугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв. Ирэх 08 дугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн.
Түүнчлэн тэрбээр, Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ чангаруулсныг дурдаад 2023 оны эхний хагаст зорилтод түвшинд хүрнэ төсөөлөлтэй байна гэв. Арилжааны банкуудын хувьд зээлийн цэвэр дүн өссөн хэдий ч хурд нь саарсныг тодотгоод 2022 оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан бол өнөөдөр 20 хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой. Өнөөдрийн байдлаар валютын ханш 3150 төгрөгт хүрсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөц нийт 2,8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны ядуурлын судалгаанд хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч 211 мянган хүн ядууралд өртөх бол энэ үзүүлэлт 20 хувьд хүрэхэд ядуурлын түвшин 42.1 хувьд хүрч 465 мянган хүн хоол, хүнсний дутагдал, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Мөн Монгол Улсын төсвийн 2022 оны эхний таван сарын гүйцэтгэлээс үзэхэд нийт зардлын 58 хувийг урсгал зардал, үүний дийлэнх хэсгийг нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн зардал эзэлж байгааг УИХ-ын дарга тодотгоод цаашид нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, төсөвт ирэх дарамтыг бууруулах, үнийн өсөлтөөс шалтгаалсан ядуу, эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалах нь чухал байгааг онцлов.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2022/10/24
ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллалаа
-
Улстөр нийгэм2021/09/07
“Монпэн” санаачилгын хүрээнд ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа...
-
Цаг үе2025/01/28
Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Шударга мэдээ2019/09/05
Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно
