Шударга мэдээ
Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 29-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа.
Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох, нэмэлт хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх, хувьцааг худалдан борлуулснаас олох орлогыг тухайн компанийн техник технологийг шинэчлэхэд зарцуулах зэрэг зохион байгуууалтын арга хэмжээ авч ажиллахыг төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Жагсаалтад заасан төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцаа нэмж гаргах, биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгав.
2022-2023 онд биржээр төрийн мэдлийн 34 хувийг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтжээ.
Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.
Шударга мэдээ
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ.
Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.
Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.
Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
