Урлаг спорт
“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо
Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор анх удаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.
Нийлбэр дүнгээр гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн “Шонхор” бүлэг, дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, шалгарсан бол тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.








![]()
Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Үзэл бодол2020/03/23
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмч мэргэжилтэн, эмнэлгийн нийт ажилтнуудад чин сэтгэлий...
-
Урлаг спорт2019/12/31
“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно
-
Шударга мэдээ2019/12/24
Монголын шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа
-
Цаг үе2025/11/17
Завхан аймгийн Баянтэс суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
