Шударга мэдээ
Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран "Монгол мах” төслийг хэрэгжүүлж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын эмч нарыг чадавхжуулах тал дээр Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах юм байна. Тодруулбал, мал нядалгааны өмнөх болон дараах бүх шатны үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах зэрэг сургалтууд зохион байгуулж, зөвлөмж зөвлөгөө өгч хамтран ажиллах аж.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид хэрэглэж буй бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг, сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн гадаад руу нийлүүлдэг ч бай, дотооддоо хэрэглэдэг ч бай Олон улсын стандартыг мөрддөг байхаар эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Үүнд “Монгол мах” төсөл жишиг болон хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид Засгийн газрын зүгээс бүх талаараа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэсэн юм гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Шударга мэдээ
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Шударга мэдээ
ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гаргалаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм.
Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга, МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ.
Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.
Шударга мэдээ
Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ
Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний цогц загвар бий болгож, төслийн үр дүнд тулгуурлан цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зорилготой.
Төслийн хэрэгжилт Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал үргэлжилнэ.
-
Улстөр нийгэм2024/12/27
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
-
Цаг үе2020/05/18
Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй болов
-
Улстөр нийгэм2022/03/07
Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо
-
Улстөр нийгэм2024/05/09
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
