Үзэл бодол
У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ
“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.
Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, туршлага солилцох зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын бага хурлыг нээж үг хэллээ.
Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. Мөн НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Энэ дагуу 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж, НҮБ-аас тавьсан зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзахдаа Олон улсын энхийг сахиулахын судалгааны хүрээлэн байгуулах санал дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт эмэгтэй цэргийн болон цагдаагийн алба хаагчийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын судалгаа, сургалт явуулах чиглэлээр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар болон бусад улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг хэлэв.
Мөн “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь хамтын ажиллагааны нэг тод жишээ гэдгийг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа олон улсын бага хуралд үг хэллээ.
Тэрбээр Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн асуудалд анхаарч байгаа нь НҮБ-ын жендерийн тэгш байдлыг хангах зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлж байгаагийн нотолгоо гэж үздэгээ онцлов.
Мөн бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дагаж, энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Урьд өмнө байгаагүй, дэлхий нийтийг хамарсан олон сорилт тулгарч байгаа энэ үед НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг улс төрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зарчим болгож байгааг хэлэв.
Цаашид мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах зэрэгт дэлхийн улс орнуудын онцлог байдлыг тусгасан жендерийн тэнцвэртэй ажиллах хүч урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байгааг тэмдэглэв.

Монгол Улсын санаачилгаар бүс нутагт анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хуралд НҮБ, Европын Холбоо болон дэлхийн 30 орны эмэгтэй цэргийн алба хаагч, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын мэргэжилтэн, олон улсын эрдэмтэн, судлаач, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 25 энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байна.
Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцож байгаа юм.
ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААР:
- “НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээл болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох”
- “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээл, сайн туршлага”
- “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”
- “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2024/10/04
Түйн голын гүүрийг ашиглалтад орууллаа
-
Цаг үе2023/02/02
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа...
-
Улстөр нийгэм2021/05/27
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Шударга мэдээ2021/11/08
Улаанбаатарт өнөөдөр 5628 иргэнийг дархлаажуулна
