Шударга мэдээ
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц 333.8 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 33.4 сая тонн байгааг сайд Г.Ёндон мэдээллийнхээ эхэнд онцолсон. “Петрочайна Дачин Тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан. Энэ хугацаанд нийтдээ 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон гэлээ. Хэдийгээр манай улс өөрийн гэсэн газрын тос олборлодог боловч өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдаж авдаг, 2021 оны байдлаар 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авч, 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. 2025 онд баталгаат нөөц нэмэгдэж, ашиглалтын баталгаат нөөц 47 сая тонн болно гэсэн төлөвлөгөөтай байгааг сайд дуулгасан. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувийн хооронд хэлбэлзэн нэмэгдэж байдаг бөгөөд 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болно гэсэн тооцоо бий гэлээ. Үүнийхээ 55 хувийг бид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хангаж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой асуудлууд байгаа гэж сайд хэлсэн.
1991 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпорац газрын тосны хайгуулын Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулсан байна.
Дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан аж.
Сүүлийн үеийн хууль эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэхийн хэрээр анх байгуулж байсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх явдал ихээр гарах болсон байна.
Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгээд байгаа юм байна.
Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд акт, торгууль тавьсан боловч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийн Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан гэсэн мэдээллийг өгсөн.
Сайдын тайлбарласнаар, Тосон уул талбайн хувьд Монгол Улс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг байна. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс авч, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг байна. Үүнийг нарийвчлан ойлговол, 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Манай улсад, монголын ард түмэнд ашиггүй, харин бүр хохиролтой гэдэг ийм л дүгнэлтийг өгөхөөр байгаа. Энэ гэрээ байгуулагдаад нэлээн хэдэн жил болчихсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн.
Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Мөн гүйлгээ зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гэрээн дээрээ гадаадад данс нээж болно гэж заасан гэдэг. Тэгээд баримт, санхүүгийн үйл ажиллагаа, бүх зүйл нь хятад хэл дээр, тэрнийгээ авчирч өгдөггүй, шалгуулдаггүй, дутуу хагас өгдөг гээд маш ойлгомж муутай. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй. Өөрсдийнх нь амаар явж байх жишээтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг ус ашиглах зөвшөөрөл байхгүйгээр усыг дураараа ашиглаж байдаг, бохирдуулж байдаг, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гээд хэлэх зүйл олон байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уландаа гишгэсэн ийм л гэрээ байна гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан, бид шинээр нефть боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. 2025 онд ашиглалтад орно. Энэ үйлдвэрийг хангах түүхий эд нефтийн тооцоо гарсан уу. Өнөөдрийн энэ ашиглаж байгаа талбайгаас гарсан түүхий нефтийг шинэ нефтийн үйлдвэрт ашиглаж болох уу. Анхны байгуулсан гэрээгээрээ хятадууд авсаар байх юм уу гэсэн асуулт тавьсан.
Ажлын хэсгийн хариулснаар, гэрээний нөхцөлөөр бол нөөцөө дуустал ордыг ашиглах юм байна. Гэхдээ тос дуусвал өртөг нөхөгдөөгүй байсан ч гэрээ дуусгавар болно гэсэн заалттай гэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахдаа технологийн туршилтууд хийгдсэн бөгөөд манай улсад олборлож байгаа газрын тоснуудын ерөнхий физик, химийн шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийг сонгосон байна. Ер нь хайгуул хийж байгаа. Олборлож байгаа болон ойр хавийн ордуудын тосыг ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ.
Ер нь “Петро дачин тамсаг” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөтэй холбоотой олон гомдол ирдэг гэв. Энэ компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр хариуцлагагүй ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Нефтийн бүтээгдэхүүний хог хаягдал, үйл ажиллагаанаас нь гардаг хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисын сав, баглаа боодол, автомашины аюултай хог хаягдал их хэмжээтэй гардаг юм байна. Эдгээрийг дахин боловсруулахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Өөрсдийнхөө хэрэгцээнээс давсан химийн бодисыг оруулж ирсэн, одоо хугацаа нь хэтэрчихсэн химийн бодисыг булшлах асуудал бас яригдаад явж байгаа гэлээ. Ус, ашиглалт, нөхөн сэргээлттэй холбоотой олон удаа дүгнэлтүүд гарсан байна. Усыг их хэмжээгээр ашигладаг бөгөөд нэг талбай дээр нийтдээ 70 гаруй худаг ухсан, тэдгээр худгаасаа 2.7 орчим сая шоо метр ус ашиглаж байгаа бөгөөд усны төлбөрт жилд орон нутагт 3.2 тэрбум орчим төгрөг ус ашигласны төлбөр төлсөн гэсэн хариултыг Ажлын хэсгийн гишүүд өгсөн.
Хуульд зааснаар байгалийн нөөц баялгийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ажилладаг бөгөөд өмнөх жилийнх нь менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 90 хувиас дээш байвал дараа жилийнх нь менежментийн төлөвлөгөө баталж өгдөг юм байна. “Петрочайна дачин тамсаг”-ийн хувьд бол 2020 оны менежментийн төлөвлөгөөг орон нутгийнх нь комисс шалгаад 30-40 хувь хэрэгжсэн гэж үзжээ. Ийм дүгнэлт ажлын хэсэг гаргасан учраас дараа жилийн менежментийн төлөвлөгөө батлаагүй аж. Үндсэндээ менежментийн төлөвлөгөө батлагдаагүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно гэсэн хариултыг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн.
УИХ-ын гишүүд татвартай холбоотой маргаан, ус ашиглалт, зам барих асуудлыг хөндөж байсан.
“Петрочайна дачин тамсаг” компани нь 2016-2021 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын алдагдалтай тайланг цахимаар ирүүлсэн бөгөөд татварын байгууллага үүнийг хянаж үзээд алдагдалтай тайлагнасан нь үндэслэлгүй гэж үзээд буцаасан байна. Мөн тус компаниас татварын төлөлттэй холбоотой маргаан үүсгэсэн нь одоо Маргаан таслах зөвлөлд хянагдаад явж байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, газрын тосны хайгуул, олборлолтод ашиглаж буй усан технологи дэлхийд хэр ашиглагдаж байгаа вэ хэмээн тодруулсан. 8.3 сая литр ус зарцуулаад 8.3 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн олборлож байна гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр зарим газарт нефтийн бүтээгдэхүүнээс ус илүү үнэтэй цаг болж байгаа шүү дээ. Иймд ус ашиглалтад хоцрогдсон технолги ашиглаж болохгүй. Цаашдаа энэ технологийг шинэчлэх үү гэж асуусан.
Ажлын хэсгийн гишүүд, одоогоор байгалийн горимоороо өөрөө оргилох тос нь багасч байгаа учраас XIX, XXI талбай дээр ус, шахалт, хий шахалт, гель полимер шахалт гэсэн технологиудын аль алийг нь ашиглаж байгаа.
Цаашдаа хий шахалт нь аюулгүй ажиллагаа талаасаа нэлээн аюултай, усны хэрэглээ их байгаа учраас ус шахалтыг багасгана. Гель полимер буюу илүү өндөр технологийн бодис хэрэглэж шахах технологийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн хариулт өгсөн.
Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, өнөөдөр Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй байна. Энэ гэрээг хөрөнгө оруулагч талтай хамтарч Монгол Улсад ашигтай болгох шаардлагатай байна. Ашигт малтмалынхаа хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр байгаль орчин, татвартай холбоотой маш олон асуудал байна. Маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг атлаа үр ашиггүй ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Татварын алба акт тавихаар түүнийг нь хүчингүй болгодог. Монголын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн, газрын тосны салбарын үйл ажиллагаа үүнд нэрмээс болж байна. Баялагтай орнууд ядуурдаг парадокс маягийн үзэгдэл гэж харж байна. Энэ асуудалд монголын төр анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор тодорхой чиглэл өгнө гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
-
Улстөр нийгэм2021/06/22
Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа
-
Цаг үе2023/05/05
Дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ
-
Улстөр нийгэм2020/04/20
УИХ дахь намын бүлэг, зөвлөл өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2025/06/25
УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав
