Үзэл бодол
Г.Эрдэнэсүх: Бага насны хүүхэд өртсөн зам тээврийн осол урин дулааны цагт илүү олон гардаг
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүхтэй зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Засгийн газрын 128 дугаар тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гаргасан төлөвлөгөө, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас гаргасан төлөвлөгөөг удирдлага болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний хүрээнд хүүхэд өртсөн зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр “Зариг.мн” сайттай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг зохион явуулж байна. Аян маань “Таван хором хүлээе, анхааръя, талархъя” гэсэн уриатайгаар 2 сарын хугацаатай зохион байгуулагдана.
Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангахад юун дээр анхаарах, цаашид ямар бодлогын чиглэлээр ажиллах, төрийн болон хувийн хэвшлийнхэн энэ тал дээр хэрхэн анхаарч хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдийг насаар нь ангилж үзвэл хэдэн насны хүүхдүүд түлхүү өртөж байна. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7-14 насны хүүхдүүд явган зорчигч буюу тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр явж байхдаа өртөж байна. Түүнчлэн 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулахгүй гэдэг ч энэ зүйл заалтыг зөрчсөнөөрөө хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцон осолд өртөж байна. Энэ нь л гол шалтгаан нөхцөл нь болж байна.
-Хүүхэд өртсөн зам тээврийн осол нийслэлд илүү олон гарч байна уу эсвэл орон нутагт гардаг уу?
-Өнгөрсөн 2021 оны байдлаар авч үзвэл нийслэлд явган зорчигч байдлаар зам тээврийн осолд нэлээд өртсөн. Орон нутгийн замд хүүхэд тээврийн хэрэгслээр зорчих үедээ осолд өртөж байна. Мөн тээврийн хэрэгслийг хөдлөх үед зам орчны байдлыг биеэр үзээгүйгээс болж хүүхэд хашаандаа, хот айлын гадаа тоглож байхад нь тээврийн хэрэгслээ хөдөлгөснөөр осол гаргасан хэд хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл өгдөг ч зам тээврийн осолд их бага хэмжээгээр өртсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар мэдээлэл тэр бүр өгдөггүй. Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?
-Ийм тохиолдол ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд их бага хэмжээгээр өртөөд айж сандарснаасаа болж эцэг эхдээ болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуух тохиолдол байдаг. Жолооч нар зам тээврийн осолд холбогдсон бол тухай бүр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж бага гэмтэл авсан гэдэг өрөөсгөл байдлаар хандалгүй нэн даруй цагдаагийн байгууллагад хандаж, эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэж хойшлуулшгүй арга хэмжээ авч байгаарай.
Мөн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид энэ талаар сурагчдадаа хэлж анхааруулж, байгаарай гэж хэлмээр байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослоор өнгөрсөн онд гэхэд 51 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж 438 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан тоон үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр тодорхой төрлийн ажил, арга хэмжээ зохион явуулж байгаа ч дан ганц цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлээд үр дүнд хүрэхгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрэх юм.
-Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх болон өсвөр насны хүүхдүүд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар зөвлөгөө өгнө үү?
-Бага насны хүүхэд өртсөн зам тээврийн осол урин дулааны цагт олон гардаг. Энэ нь цаг агаар дулаарч, эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй гадаа талбайд гаргаснаас үүдэлтэй. Орон сууц болон гэр хороолол дундах зам талбайд хүүхдүүд хөөцөлдөж тоглон гэмтэж, бэртэх нь ихэсдэг. Мөн өсвөр насны хүүхдүүд цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай төв зам дээр хөдөлгөөнд оролцож явган зорчигч мөргөх, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх зэрэг зөрчлүүд гаргаж байна. Цахилгаан скүүтэрийг 14 хүртэлх насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцож болохгүй, 14-өөс дээш насныхан цахилгаан скүүтэртэй зориулалтын замаар буюу унадаг дугуйн замаар зорчино. Энэ төрлийн осол бүртгэгдэх гол шалтгаан нь цахилгаан скүүтэртэй автомашины зам руу орсноос үүдэлтэй байна. Мөн явган зорчигч мөргөн гэмтэл учруулж байгаа учраас аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоорой гэж анхааруулмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
-
Цаг үе2022/05/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Цаг үе2024/06/13
Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг мессежээр шуурхай хүлээн авах боломжтой
-
Улстөр нийгэм2022/08/03
Энэ жил нийслэлийн 7 дүүрэгт 670 цэгээр шахмал түлш борлуулна
-
Цаг үе2019/07/29
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
