Улстөр нийгэм
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна
Жил бүрийн хаварт бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Тэр дундаа хамгийн их авлига яригддаг салбар бол барилгын салбар. Газрын асуудал, барилгын зөвшөөрлөөс эхлээд барилга хүлээлгэн өгөх, улсын комисс хүлээн авах хүртэл үйл ажиллагааг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.
Энэ салбарт хийж буй шинэтгэлийн тухайд Хотын дарга Д.Сумъяабазар "Egazar.gov.mn сайт болон аппликэйшн ашиглалтад ороод газрын албаны бүхий л үйл ажиллагаа цахимд шилжсэн. Барилгын үндэс газар шүү дээ. Тиймээс газрын менежментээ зөв болгох хэрэгтэй байна. УИХ дээр Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэл дэх газрын асуудлыг цэгцлэх юм. Үүний дараа биржтэй болж, иргэд, аж ахуйн нэгж хэн нэгний дэмжлэгээр бус, дуудлага худалдаагаар ил тод, нээлттэй явдаг болно. Ингэснээр газрыг худалдан авч буй хүмүүсийн хөрөнгө эрүүл, хуулийн дагуу бүртгэлтэй хөрөнгө байх юм. Том зургаараа Улаанбаатар хот авлигаас ангид болох төдийгүй улсын хэмжээний авлигын индексийг бууруулах юм. Газрын асуудал шийдэгдчихээр барилгын хүнд суртал, 44 гарын үсэг зуруулдаг буруу зуршил алга болно. Тэр олон гарын үсгийг зуруулах гэж хагас жил шахам болдог байсан бол цахимд шилжсэнээр долоо хоногийн дотор барилгын зөвшөөрөл шийдэгддэг болно. Хэрэвзээ бичиг баримт нь дутуу бол бүрдүүлэх материалыг нь шилэн байдлаар мэдээлж, дахин долоо хоногийн хугацаа өгөх буюу 14 хоног дотор л асуудал шийдэгддэг болох жишээтэй. Барилгынхан зөвшөөрлөө хөөцөлдсөөр явтал урин дулааны улирлыг алдаж, тэр нь улирлын чанартай салбарт бүтэн жилийн ажил алдсантай адил тусдаг. Үүнээс болж компаниуд банкны зээл, хүү, торгууль, алданги хүлээж байдаг. Ийм цаг үед тэгж хүнд суртал үзүүлэх юм бол эдийн засаг, ажлын байрны алдагдлыг төр нь өөрөө бий болгож байна гэсэн үг. Төр нь асуудлыг аль болох хурдан шийдэх тусмаа нэг компанийн цаана 100-400 ажлын байр, нийгмийн асуудлыг шуурхай зохицуулж байна гэсэн үг" хэмээсэн юм.
Энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна. Цахим шилжилт хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд төрийн үйлчилгээ илүү таатай, илүү нээлттэй болох юм. Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва "Өнгөрсөн онд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс ирсэн 14 мянга гаруй санал, хүсэлт, гомдлыг нэгтгээд харахаар, газрын харилцаа, барилга барих үйл ажиллагаатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр салбарт үзүүлж буй үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэл учруулж, хүнд суртал болж байна, магад цаанаа авлига үүсэх эрсдэл байна гэдгийг харуулж буй юм. Бид газрын чиглэлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Одоо газартай холбоотой гомдол санал бага болсон. Энэ онд барилгын салбарын 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Зургаадугаар сарын 1 гэхэд цахимд шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна" гэлээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2025/03/20
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д албан ёсны айлчлал хийж байна
-
Цаг үе2023/05/03
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үзэл бодол2025/08/14
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвши...
-
Улстөр нийгэм2019/08/07
Норовлин суманд баригдах “Шихихутаг-Их засаг” цогцолборын шавыг тави...
