Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй

Огноо:

,

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гүйцэтгэх захирал Э.Болортулгатай ярилцлаа.


-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага шинэчлэгдэж, шинэ бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Эвлэлийн зүгээс ямар, ямар ажлыг зохион байгуулав аа?

-Миний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллаж байна. Ажлын алба маань МСНЭ-ийн Бага хурал, Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд төлөвлөгөөт болон цаг үеийн ажлуудыг хийж гүйцэтгэх эрх, үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй зүйлийг хийж, амжуулжээ. МСНЭ бол 21 аймгийн 24 салбар зөвлөлтэй, Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл гэсэн бүтэцтэй, өөрийн дүрэмтэй, үйл ажиллагаа, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Хяналтын зөвлөлтэйгөөр ажилладаг байгууллага. Мөн хамгийн том үнэт зүйл нь 68 жилийн түүхэн замнал, итгэл үнэмшил нь юм. Энэ том, түүхт байгууллагын өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг ихээхэн хариуцлага шаардсан, чадахаасаа илүүг хийх, болохоос илүүтэйгээр боломжийг эрэлхийлэх, салбараа ойлгох, хүрч ажиллахыг эрмэлзлийг төрүүлж байдаг. 2018 оны хамгийн эхний ажил маань салбарынхаа ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Нийтдээ 130 гаруй ахмад сэтгүүлч, уран бүтээлчид цуглаж, шинэ баг хамт олонд итгэл үзүүлж буйгаа илэрхийлж, ташуур өгч байлаа. Энэ жил мөн уламжлал ёсоор ахмад буурлуудаа хүлээн авч, урам ташуур хоёрыг харамгүй хүртсэн дээ.

МСНЭ-ийн олон жилийн архивын материалыг судалж, архивын стандартын шаардлагад нийцүүлэн хүлээлгэж өгснөөр ажиллах арга барил бүрэн суусан гэж боддог шүү. Мундаг удирдсан хүнээс ажил хүлээж авах хамгийн таатай орчин байдаг юм билээ. Өнгөрсөн онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяраар ахлуулсан баг орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, Эвлэлийнхээ салбар зөвлөлийн ажил, байдалтай газар дээр нь очиж танилцах, компьютер принтерээр хангаж, салбар зөвлөлийн байртай болгох асуудлыг шийдвэрлэх  ажлыг эхлүүлж, нэг сар гаруйн хугацаанд 20 аймгийг тойрон ажилласан. Энэ завсар Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож, салбарын 120 гаруй төлөөллийг оролцуулсан ойн баярын хурал зохион байгуулсан. Энэ жил 106 жилийн ойн баяраараа салбараас төрсөн гавьяатуудаа цуглуулан хамгийн ахмад гурван бууралдаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалаа дагалаа. Тэднийхээ сургаал үгийг сонсож, цэнэглэгдэх хамгийн их өгөөжтэй байдаг гэж би хувьдаа боддог юм.

Мөн дөрөвдүгээр сард уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод анх удаагаа 21 аймгийн 200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулсан “Орон нутгийн хэвлэл мэдээллийн анхдугаар форум”-ыг амжилттай зохион байгуулсан бол энэ жил Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай хамтран орон нутгийн 120 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг хамруулан форумаа зохион байгуулсан. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хараат бус сэтгүүл зүйн Үндэсний форум”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалыг хадгалан зохион байгуулсаар байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд олон ажлууд зохион байгуулагддаг бөгөөд МСНЭ-ээс 2018 оноос эхлэн “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран жил бүр зохион байгуулж байна. Мөн жил бүр Цахим сэтгүүл зүйн форумыг хийж, цахим сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудлаа ярилцаж, дүгнэх боломжийг бүрдүүлэхийг хичээж ирлээ. Сэтгүүл зүйн салбарын үнэлэмжийг өсгөх, санхүүгийн хараат бус байдлыг сайжруулах бодлогын хүрээнд Бага хурал, Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Төсөл боловсруулах сургалтыг зохион байгуулж, олон улсын байгууллагуудад орон нутгийн сэтгүүлчдийн төслийг илгээж, санал зөвлөмжөөр хангаж ажилласан байна. “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг нээж хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Түүнчлэн “Сэтгүүлч хөгжил” сэтгүүлийг эрхлэн гаргаж, нийтдээ дөрвөн дугаар хэвлүүлжээ.

Үргэлжлүүлээд 21 аймгийг таван бүсэд хуваан монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөлтэй хамтран бүсчилсэн сургалтуудыг амжилттай хийж иржээ. Зүүн бүсийн сургалтад Дорноговь аймагт 70 гаруй сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэн хамрагдсан бол баруун бүсийн сургалтад таван аймгийн 50 орчим, төвийн бүсийн сургалт Дархан-Уул аймагт 70 гаруй хэвлэлийнхнээ хамруулан зохион байгуулсан. Эдгээр бүсчилсэн сургалтад тухайн аймгуудын ЗДТГ хамтран ажиллаж, дэмжсэнийг цохон тэмдэглэе. Түүнчлэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны 100 жилийн ойд зориулан босгосон Гэрэлт хөшөөний нээлтэд оролцож, номын хэвлэлтэд нь дэмжлэг үзүүлж, үр ач, төрөл төрөгсөд, нутаг усны зон олонд нь хүндэтгэл үзүүлсэн.

-Ингэхэд “Сэтгүүлч” ордон барих ажил ямар шатандаа явна вэ?

-Бид “Сэтгүүлч” ордонтой болох том зорилго тавьсан. Энэ хүрээнд газрынхаа асуудлыг шийдсэн. Барилгын зураг төслийн ажил үргэлжлээд явж байна.

-Дээр нь 1000 сэтгүүлчийг орон сууцтай болгох том ажил бий. Гэхдээ барилгын ажил гацчихсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөрийг санаачилж, ажил хэрэг болгохоор шамдаж байна. Эхний 400 айлын орон сууц барих ажлыг эхлүүлж, шавыг нь тавьсан. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар газар нь цуцлагдчихсан байна. Гэхдээ энэхүү бүтээн байгуулалтын ажил гацаанаасаа гарч, цааш үргэлжлэх ёстой. Үүний тулд ажиллаж л байна. Аливаа ажлыг хийхэд заавал саад бэрхшээл гардаг шүү дээ. 

-Та бүхэн 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласан. Энэ чиглэлээр гарт баригдаж, мэдрэгдэхээр ямар ажлууд байна вэ? 

-МСНЭ-ийн Гадаад харилцааг шинэ шатанд гаргасан жил байлаа. Жил бүрийн гуравдугаар сард “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг Гадаад Харилцааны яамтай хамтран зохион байгуулдаг. Манай улсад суугаа Элчин сайдууд, консулууд, Дипломат төлөөлөгчид, Олон улсын байгууллагын төлөөлөл өндөр ирцтэй ирж оролцон, санал мэдээлэл солилцдог, цааш­­лаад хамтын ажиллагааны гарц боломжуудыг нээж өгдөг чухал ажлуудыг нэг. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Оросын Сэтгүүлчдийн Холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгуулснаар гадаад харилцаагаа тэлэх ажил эрчимжсэн. Бид БНХАУ, БНСУ, БНЭУ, Беларусь, Кыргиз, Хойд Солонгос, Чех, Болгар, Африк, Турк, Тунис, Герман зэрэг улс орнуудын Хэвлэл мэдээллийн холбоод, яамдтай холбоо тогтоон хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийг эрэлхийлж, өнгөрсөн жил зургаа, энэ жил 28 гээд нийтдээ 34 улс, орны Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. МСНЭ-ийн Бага хурал, Удирдах зөвлөлөөс 2019 оныг Гадаад харилцааны жил болгон зарлаж, Монгол Улсын гадаад сурталчилгааг тэлэх зорилго бүхий “Медиа тур 2019” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.

Беларусын Минск хотноо зохион байгуулагдсан Олон Улсын 13 дахь Медиа Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, төлөөллүүд оролцсон, БНСУ-д ажиллаж, Сөүл хотод салбар оффисыг нээж, салбар зөвлөлийг байгуулсан. Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоотой олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй юм байна. Энэ харилцааг хадгалан Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг 2018 оны есдүгээр сарын 6, 7-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан. МСНЭ-ийн удирдлагын баг олон шинэлэг асуудлыг шийдвэрлэх, тодорхой үр дүн гаргахыг зорьж ажилласныг дурдмаар байна. Өөрчлөлт шинэчлэлт 40 жил “Бүс ба зам”-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг арга хэмжээнд сэтгүүлчдийг оролцууллаа

“Дэлхийн Монгол Сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн дор МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Багшийн их сургуультай хамтран Залуу сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Хөх хотноо зохион байгууллаа. Сургалтад 16 хэвлэл мэдээллийн байгууллагын 17 залуу сэтгүүлч хамрагдсан. Энэ жил мөн тооны залуу сэтгүүлчийг ирэх арваннэгдүгээр сард хамруулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Бас нэг ололт бол МСНЭ Олон улсын сэтгүүлчдийн холбооны XXX Их хурлаас Ази номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Х.Мандахбаяр Ерөнхийлөгч сонгогдсон. Харин Олон улсын сэтгүүлчдийн холбооны Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг эгч хоёр дахь удаагаа улиран сонгогдон ажиллаж байна.                  

Энэ оны зургаадугаар сард анх удаагаа Монгол, Солонгосын хэвлэл мэдээллийн анхдугаар форумыг зохион байгуулсан. Солонгосын талаас 25 сэтгүүлч, Монголын талаас 50 сэтгүүлч оролцлоо. Маш үр дүнтэй форум болсон гэж хэлэх байна. Тодорхой хэмжээний санхүүжилт гарсан. Үүнийг эвлэлийн Ерөнхийлөгч хувиасаа гаргаж, мөн л дэмжиж ажилласан. Форумын үр дүнд манай сэтгүүлчид “Баримтыг нягтлах” тал дээр тодорхой хэмжээний ойлголт, мэдлэгтэй болж тэр нь салбарт маань хэрэгжиж, биеллээ олж эхэлсэнд баяртай байна. Энэ бол маш том дэвшил, өөрчлөлт юм. Түүнчлэн сэтгүүлчдэд БНСУ-ын олон удаагийн виз олгож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна гээд тоочвол ажлууд цөөнгүй бий шүү.

-Яг ямар зарчмаар визний тодорхойлолтыг гаргаж өгдөг юм бэ. Тавигдах шаардлага бий л биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тухайн байгуул­лагадаа ажилладаг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлсөн сэтгүүлч байх ёстой. Тэр сэтгүүлч нь тухайн байгууллагаасаа МСНЭ-д хандсан тодорхойлолтоо ирүүлэх ёстой. Үүнийг харгалзан үзэж эвлэлээс тодорхойлолт гаргаж өгдөг. Гол нь тухайн байгууллага болон хувь сэтгүүлч нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МСНЭ тухайн виз хүсэж буй сэтгүүлч, ажилтныг батлан дааж, тодорхойлж байгаа учраас бид тодорхой шаардлагыг хангасан байхыг шаардах нь зүйн хэрэг юм. Одоогоор сэтгүүлчид маань ямар ч асуудал гаргаагүй, виз хурдан шуурхай гаргуулсаар байгааг онцлох хэрэгтэй байх.

-Одоогоор хэчнээн сэтгүүлч Солонгос явах хүсэлтээ хүргүүлээд байна вэ?

-Солонгосын Элчин сайдын яамтай хамтарч ажиллах хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүмүүстээ ажлын шугамаар олон удаагийн виз олгож байна. Одоогийн байдлаар виз хүссэн 100 гаруй сэтгүүлчид тодорхойлолт гаргаж, Солонгосын Элчин сайдын яаманд хүргүүлээд байна. Энэ шугамаар Солонгос Улсад очиж, мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлч ч цөөнгүй бий.

-МСНЭ хуулийн зөвлөхтэй. Сэтгүүлчдэд хуулийн туслалцаа үзүүлдэг болсон гэсэн. Одоогоор ямар үзүүлэлтийг хэлж чадахаар байна вэ?

-Тийм ээ. Одоогийн байдлаар долоон сэтгүүлчийн 11 хэрэг дээр МСНЭ-ийн хуулийн зөвлөх ажиллаж, өмгөөллийн туслалцааг үзүүлж байна. Эхнээсээ Хууль, мэргэжлийн ёс зүйн чиглэлээр бас цөөнгүй хурал, зөвлөгөөн зохион байгуулжээ. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт мөрдөгдөж буй хууль, эрхзүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг байгуулах, холбогдох байгууллагад байр суурь, саналаа илэрхийлж, тодорхой үр, өөрчлөлтийг зорьж ажиллаж ирлээ. Түүнчлэн мэргэжлийн ажил, үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд дээр МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргаж ирсэн.

Хамгийн сүүлд есдүгээр сард сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийн эсрэг иргэн Н.Алтанхуягийн гаргасан гомдлоор шүүх хурал болж, шүүхийн шийдвэр сэтгүүлчийн талд гарсан. Салбарынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулах бодлого шийдвэрийн хүрээнд Салбарын бусад байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран Зөрчлийн хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх ажлын зохион байгуулалтыг хариуцсан хийсэн байна. Цаашид томоохон хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг үргэлжлүүлэн зохион байгуулах ажлыг хийсээр байх болно. Салбарын ууган мэргэжлийн байгууллагын хувиар олон төсөл хөтөлбөрт хамрагдаж, оролцож явдаг жишиг хадгалагдсаар байгаа юм. Жендерийн Үндэсний хороо, хүний эрхийн комисс, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын олон улсын болон үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд төлөөллөө оролцуулан ажиллаж ирсэн. 

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн болохын тулд тодорхой хэмжээний татвар төлдөг. Гэхдээ ганц гишүүдийнхээ татвараар санхүүждэг гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Учир нь, гишүүдийн татвар энэ бүх ажлыг зохион байгуулахад хаанаа ч хүрэлцэхгүй. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл санхүүжилтээ яг хаанаас, яаж босгодог юм бэ?

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийн дагуу хувь сэтгүүлч, байгууллага гишүүнээр элсдэг. Байгууллагын жилийн татвар 250 мянган төгрөг. Дөрвөн жилд нэг сая төгрөгийн татвар төлдөг бол хувь сэтгүүлчийн жилийн татвар 48 мянган төгрөг төлнө. Сард дөрвөн мянган төгрөгийн татвар төлдөг гэж ойлгож болно. Харин эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүд жилд 500 мянган төгрөг, Бага хурлын гишүүд жилд 108 мянган төгрөгийн татвар төлдөг.  Бүх гишүүдээс татвараа тогтмол авч чаддаггүй, мөн албаддаггүй.

Яг үнэндээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүдийн татварын орлого 2019 оны байдлаар нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй юм. Зөвхөн урсгал зардалд л хүрдэг. Бид төрөөс ямар нэгэн татаас авдаггүй. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаарддаг. Бид мөнгө байхгүй гээд үйл ажиллагаагаа зогсоож болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн халааснаас авч, бүгдийг зохицуулж байна даа. Үе, үеийн Ерөнхийлөгч ийм л хүнд ачааг үүрч ирсэн байдаг. Бид ямар нэгэн байгууллагатай хамтарч ажиллаж болохгүй. Санхүүгийн тал дээр гэрээ хэлэлцээр хийдэггүй. Харин сэтгүүлчдийн мэдлэг, уран чадварыг дээшлүүлэхийн тулд сургалт, зөвлөгөөнийг бол зарим тохиолдолд тодорхой дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг.

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бүх сэтгүүлчдээ хүрч ажиллаж чадаж байх юм уу?

-Сэтгүүлчид маань ямар нэгэн асуудал өөрт нь тулгарахад эвлэлдээ ханддаг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол идэвхтэй ажиллаж байгаа 4700 гаруй сэтгүүлчдэд хүрч ажиллах боломжгүй. Бидэнд хандсан тохиолдолд нягталж, холбогдох хүмүүстэй нь холбож, хуулийн зөвлөгөө өгөх зэргээр анхаарч ажиллах бүрэн боломжтой.

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ. Тухайлбал, энэ ондоо багтааж хийхээр төлөвлөсөн томоохон ямар ажил бий вэ?

-Энэ ондоо багтаж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийнхээ салбар зөвлөлүүдийг өргөтгөнө. Мөн аравдугаар сарын 18-нд Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын эрх зүйн орчны талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна. Ахмадын хороогоо байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн энэ жил “Ган үзэг”-ээ зохион байгуулна. Өнгөрсөн оны “Ган үзэг” наадамд 60 гаруй байгууллагын 100 гаруй сэтгүүлч бүтээлээ ирүүлсэн. Эндээс шалгарсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээ нийт 99 сая төгрөг олгосон. Энэ шагналаа өнөө жил ч гэсэн олгохоор ажиллаж байна. Хамгийн гол нь, салбарынхаа нэр хүндийг өсгөх, салбарынхаа үнэлэмжийг өсгөхийн тулд л энэ бүх ажлыг хийж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе17 цаг 40 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе17 цаг 50 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ18 цаг 41 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм18 цаг 58 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм19 цаг 3 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм19 цаг 14 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе19 цаг 18 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе19 цаг 24 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох