Үзэл бодол
Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж гаргаж, тэднийг дэмжих хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг цуцалсан явдал байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцав.

-2022 он гарсан эхний өдрөөс Улаанбаатар хотод 74 нэр төрлийн үйлчилгээг зөвшөөрөл, батламжийн шаардлагагүйгээр эрхлэх боломж олгосон. Одоо улам төгөлдөржөөд, үйл ажиллагаа явуулах цагт нь хязгаарлалт тогтоохооргүй болчихлоо. Энэ бол чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг руу шилжиж буй шилжилт гэж харж байна, зөв үү?
-Би бол үүнийг эдийн засагт сайн үр дагавар авчрах реформын эхлэл гэж харж байна. Реформыг системтэйгээр хийх ёстой. Реформ зөвхөн Хотын даргын шийдвэрээр хийдэг ажил биш. Эхний ээлжид хотынхоо дотоодын уялдаа холбоо, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд уялдаа холбоотой ажиллах, шаардлагатай бол Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр тайлбарлах ажлуудыг системтэйгээр хийж хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хот хөгжиж байж улсын дүн нуруу, үнэлгээ тооцоо олон улсын түвшинд яригдана. Улаанбаатар хотгүйгээр Монгол Улсыг төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр энэ реформыг хийхийн тулд бид мэдээллийн урсгалыг иргэд олондоо жигд, зөв хүргэх системийг хийсэн. Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар ард иргэдээс ирж буй санал, гомдлуудыг нэгтгэх, буцаагаад хийж буй ажил, хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг ард түмэнд тэгш хүргэх, түүнд суурилсан санал асуулгыг авах, ард иргэдийн санаа бодлыг сонсож, ингэж байж хотын шийдвэр гарч явна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бидний оролцоогүйгээр үл үзэгдэгч гар явж байдаг. Үл үзэгдэгч гар гэдэг бол хүн хоорондын харилцааг хэлж буй хэрэг.
Хүнлэг ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл гэдэг бол бидний сонгосон нийгэм. Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой. Бизнесийн салбар, хувийн хэвшил, иргэн хүн хувиараа аж ахуй эрхлэх талбарыг хотын зүгээс бүх талаар дэмжих ёстой.
-Иргэд болон олон нийтийн саналд үндэслэж шийдвэр гаргаж байна гэлээ. Дээрх шийдвэрүүдийг гаргахад хэдэн хүнээс санал ирсэн бэ?
-10 мянга орчим хүнээс санал ирсэн. Ковидын үед ч тэр, түүнээс хойш ч цагийн хязгаарыг болиулж өгөөч гэсэн санал маш олон ирж байсан. Ялангуяа мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгч залуучуудаас. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засаг мөлхөө байдалтай байлаа шүү дээ. Цар тахлын улмаас заримынх нь үйл ажиллагаа нь зогссон, зарим нь татан буугдсан гээд харамсмаар зүйл олон гарсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүд бизнесээ босгох гэж маш их хичээсэн байж таарна. Бизнес босгоно гэдэг амар зүйл биш. Тиймээс унагаж болохгүй. Хүний хөдөлмөрийг хамгаалах үүрэг нь төрд байдаг. Төр аж ахуйн нэгжээ унагахгүй байх зохицуулалтыг хийх үүрэгтэй. Нэг ч гэсэн ажлын байр, нэг ч гэсэн хүний ашиг, орлогыг хамгаалж байж зах зээлээ хамгаална. Дээрээс нь хяналт шалгалт хийх үүрэг бас бий гэсэн юм.
Бизнес эрхлэгчид юу өгүүлэв
Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ нь нэг талаараа бизнес эрхлэгчдийг дэмжсэн, нөгөө талаараа соёлтой хэрэглээ, соён гэгээрүүлэх бодлогыг баримталж байгаа хэлбэр юм. Дэлхийн аль ч улсад согтууруулах ундааны хэрэглээг хорьж цагдсанаар үр дүнд хүрсэн жишээ байдаггүй. Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосноор тухайн хориглосон өдөр нь шагийн наймаа цэцэглэж, хууль бус худалдаа гаараад зогсохгүй ахуйн архидалт хяналтгүй болж байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс өмнө нь хэрэгжиж байсан сар болгоны 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон зохицуулалт нь хэр үр дүнгээ өгсөн, сүүлд гаргасан шийдвэр ямар нөлөөтэй болох талаар бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонссон юм.
“Баатар тайж” ХХК-ийн захирал Б.Баясгалан:

-Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг манай үйлчилгээний салбарынхан маш сайн дагаж мөрддөг байсан. Гэтэл нийгэмд эрэлт нь байсаар байдаг. Эрэлтээ дагаад шагийн бизнес эрхлэгчид гарч ирж, далд эдийн засаг хөгжихөд хүрсэн. Манай зоогийн газрын үүдээр ч шагийн бизнес эрхлэгчид эргэлддэг болчихсон байсан.
Харин одоо бол өөр болж байна. Согтууруулах ундааны худалдааг хориглосон өдрийг цуцалж, үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах болсноороо хүмүүсийн соёлтой хэрэглээг дэмжиж, тэр хэрээр үйлчилгээний байгууллагуудын хөгжилд дэвшил ч нээлттэй болно гэдэгт итгэж байгаа.
Монголчууд маань хааж, хориглох тусам улам тэмүүлдэг. Монгол хүний сэтгэлгээний энэ онцлогийг харгалзах нь зүйтэй байх. Хориг саадгүйгээр чөлөөтэй худалдаад эхлэхээр байж л байдаг юм чинь гээд шунаж хэрэглэхээ болино. Маргааш ажилтай гээд хэрэглээгээ багасгадаг болох зэргээр зохистой хэрэглээнд шилжиж, нийгмийн соёл төлөвшинө.
“Кафейна” ХХК-ийн захирал Ч.Цэндбаатар:

-Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа зарж борлуулахгүй гэдгийг ард нийтээрээ бүгдээрээ мэдэж байгаа болохоор хүмүүс урьдчилж бэлтгэх юм уу, танил талаараа олж авах гэхчлэн далд эдийн засгийг хөгжүүлэхэд хүрч байсан. Хүмүүсийн хувьд 24:00 цагаас хойш үйлчлүүлэх сонирхол байдаг. Гэтэл хориг тогтоочихоор ямар нэг байдлаар үйлчлүүлэхийг хичээдэг. Үүнээс болж, татвар төлөлгүйгээр худалдаа, наймаа эрхлэгчид гарч ирж, далд эдийн засгийг хөгжихөд хүргэж байсан. Үйлчилгээний байгууллагуудын хувьд зөвхөн худалдан борлуулахаас гадна үйлчилгээний соёл түгээх, согтууруулах ундааг хоолтой хослуулж хэрэглэх дадал суулгах зэрэгт анхаарч ажилладаг.
“Bluefin” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга:

-Сар бүрийн 1-ний өдрүүдэд архи, согтууруулах ундааг хориглосноороо далд бизнесээр дамжиж шагийн наймаа газар авч, ахуйн архидалт нэмэгддэг байсан. Ахуйн архидалтаас болж гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсөх зэрэг сөрөг үзэгдлүүд их байсан. Хүмүүс олон шалтгааны улмаас уулзаж, нийлж цугладаг. Цагийн хязгаарлалттай үед үдэш оройн цагаар нэгнийдээ очиж нийлж дарвих, ахуйн хүрээнд архидах байдал гаарч байсан. Одоо эсрэгээрээ соёлтой, хэр хэмжээндээ тааруулж үйлчлүүлж эхэлнэ.
Иргэд юу өгүүлэв
Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд үүрийн 05:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн шийдвэрийн талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Иргэн 1:
-Одооноос эхлээд хэвийн амьдрал руугаа орсон нь зөв гэж бодож байна. Үйлчилгээ, бизнес эрхлэгч гэдэг чинь бас л нэг амьдралаа залгуулж буй, цаашлаад олон хүнд ажлын байр олгож буй хүмүүс. Тэгэхээр хэвийн амьдралдаа шилжихэд буруудах зүйлгүй гэж боддог.
Иргэн 2:
-Цар тахлын халдвар бүрмөсөн арилаагүй байгаа нөхцөлд үйлчилгээний байгууллагынхан урт цагаар ажиллах нь буруу гэж бодож байна.
Иргэн 3:
-Залуу хүний хувьд зөв гэж бодож байгаа. Харин аюулгүй байдлыг хангах, зөв боловсон үйлчлүүлэх соёлд суралцах шаардлагатай болов уу. Бизнесийг хааж боох нь зөв шийдэл биш. Бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нэмэгдэж байж эдийн засгийн эргэлт бий болох байх.
Иргэд ийм бодолтой байна. Дэлхийн бүхий л хотууд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Энэ жишгээр цагийн хязгаарлалтгүй болж байгаа нь манай хотын хувьд чөлөөт худалдааг дэмжиж байгаа нэг хэлбэр юм.
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой
Хот бүхэн өвөрмөц үйлчилгээ, соёлоороо ялгарч байдаг. Тиймээс Хотын дарга чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн шийдвэрийг гаргаж, харин тэднийг стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулахыг уриалж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар хот шөнийн амьдрал руу үе шаттайгаар шилжих ёстой. Дэлхийн том хотуудад байдаг л амьдрал. Зохистой, зөв хэрэглээг дэмжих ёстой. Зохистой хэрэглэнэ гэдэг нь тухайн хүний ухамсраас шалтгаална. Гэтэл юм болгоныг хориглосон шийдвэр гаргаад байж болохгүй. Энэ бүхний ард дандаа эдийн засаг явж байдаг. Аж ахуйн нэгжийн ашиг орлогоос гадна татвар, орлого нэмэгдэж, эдийн засаг эргэлтэд орж байдаг.
Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой. Би Хотын даргаар ажиллах хугацаандаа зах зээлийг хааж, боох, хориглох гэх мэтээр хүчээр зохицуулахгүй. Би залуустаа итгэж байгаа, хотын иргэдийн орлогыг дэмжинэ. Бид зохистой зөв хэрэглээнд суралцах ёстой. Улаанбаатарт шөнийн амьдрал, шөнийн бизнес байх ёстой. Зориулалтын байртай бол ганцхан баар, диско клуб бус, зоогийн газар, кофе шопууд, таваар үйлчилгээ ч өглөөний 05:00 цаг хүртэл ажиллаж, орлогоо нэмэгдүүлж, бизнесээ тэлэх боломжтой. Одоо урин дулаан цаг ирнэ, аялал жуулчлалын улирал эхэлнэ. Соёлтой орчин, цэвэр цэмцгэр байдал, шуурхай үйлчилгээг нэвтрүүлээд, хангалттай ажиллах боломжоор хангах бодлого барьж байна гэсэн юм.
Дэлхийн хотууд өөрсдийн онцлогт тохирсон соёл, уламжлалыг шингээсэн хоолны, худалдааны гудамжийг байгуулж, иргэд олон нийтээ орлоготой байлгах бодлогыг чухалчилсаар байна. Манай хотын хувьд монгол зан заншил, соёл ахуй, үндэсний зоог, ахуйг сурталчилсан гудамжийг бий болгож, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, цаад утгаараа аялал жуулчлал, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодлогыг Улаанбаатар хотод эрчимтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗҮзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

-
Улстөр нийгэм2021/09/22
Гашуунсухайтын хилийн боомтод Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо
-
Цаг үе2023/08/16
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2026/02/12
Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг бол...
-
Цаг үе2020/05/22
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд зам хаана
