Шударга мэдээ
Токио хотын Захирагч Юрико Коикэ Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарт захидал ирүүллээ
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Тус захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр захидалдаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, хүндэт Д.Сумъяабазар танаа
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж захидал илгээсэнд гүнээ талархаж байна. Токио, Улаанбаатар хотууд байгаль орчин, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ. Токио хотын зүгээс хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье. Энэхүү санамж бичгийг энэ жилийн эцэс гэхэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаа мэдэгдье.
Токио хот цар тахлын дараах сэргэлтийн тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Иймд хотын удирдлагууд тогтвортой хөгжиж буй хотуудыг дэмжиж, цар тахлын дараах сэргэлтэд туслалцаа үзүүлж байгаа. Мөн тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээг байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг тус эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Танд эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилт, Улаанбаатар хотод их хөгжил цэцэглэлтийг ерөөж буйг минь хүлээн авна уу.
Хүндэтгэсэн, Токио хотын Захирагч Юрико Коикэ” хэмээжээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Шударга мэдээ
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Шударга мэдээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.
Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.




Шударга мэдээ
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсныг Монголбанкны Ерөнхийлөгч дурдаад, энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэлээ. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч, бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг тууштай баримтална гэв.
Энэхүү тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгөх чиглэлийг тусгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг даалгах гэсэн агуулга бүхий 3 заалттай аж.
Тогтоолын хавсралтад 2027 онд мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээ, түүний биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусган боловсруулсан байна.
Түүнчлэн төсөлд дөрвөн суурь өөрчлөлтийг бодлогын түвшинд тусгажээ. Тодруулбал, Төв банкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх шийдлийг дэвшүүлэхийн зэрэгцээ инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Улмаар бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 17 зорилтын суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсноос гадна их өгөгдөл, ухаалаг хяналт шалгалт (SupTech), нээлттэй банк (Open banking), mBridge болон стэйблкойн зэрэг дэлхийн төв банкнуудын орчин үеийн чиг хандлагыг бодлогын зорилго, эрх зүйн орчин, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан судалж, туршин, үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр бодлого, хяналт шалгалтын шийдвэрийг бодит мэдээлэлд суурилан шуурхай гаргах, төлбөрийн системийн үр ашиг, хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкнаас баримталж байгаа "2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” бүрэн хэрэгжихийн сацуу Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийх эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2023/11/07
Л.Оюун-Эрдэнэ: “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” төслийг эхлүүлж,...
-
Улстөр нийгэм2021/12/17
Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзалт хийлээ
-
Улстөр нийгэм2022/11/23
Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн аюулгүй байдалд анхаарч ажиллана
-
Урлаг спорт2019/08/30
Монголын радиогийн нэвтрүүлэгчид олон улсын жишиг студиэс тив дэлхийтэй мэндчилн...
