Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа. 

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ?

-Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Тийм ч учраас шийдэх ёстой олон асуудал байгаа. Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын боломж, бололцоо хумигдмал байгаа цаг үед хотын хөгжил улс төрийн зөв шийдвэр гарсан үед бий болдог. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны ажлын айлчлал БНХАУ-д тав хоног үргэлжилсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд хотын удирдлагыг оролцуулсан нь хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагийн илрэл.

Улаанбаатар хотын түгжрэл тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт байдаг. Тиймээс түгжрэлийг шийдэхэд Ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарч, үндэсний хороо байгуулж, Засгийн газраас Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг үлдээж, хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэр гаргасан. УИХ-ын зүгээс ч Улаанбаатар хотын эрх зүйг анхаарч дэмжсэн. Энэ нь УИХ, Засгийн газрын түвшинд хотдоо онцгой анхаарч байгааг олон улсын түвшинд харуулсан үйл явдал. Хэдий цар тахалтай байсан ч БНХАУ олимп зохион байгуулж, дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, удирдлагуудыг оролцуулсан нь бидэнд олдож буй том боломж байсан. Манай Ерөнхий сайд боломжийг зөв, үр дүнтэй,  багийн зохион байгуулалтыг оновчтой хийж, маш үр дүнтэй ашигласан.

Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь  олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг  байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч,  бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Манай Улаанбаатар хот аюулгүйн гуравхан гарцтай. Газар хөдлөлт болоод бусад төрлийн гамшиг, аюул тохиолдлоо гэхэд улаанбаатарчууд маань хотоос гарах гарцан дээрээ, гудамжиндаа түгжрэх аюул бий. Тиймээс тойрог зам байгуулж, хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, цаашлаад эд хөрөнгийг авран хамгаалах гарц шийдэл болгож, тойрог хэлбэрийн хурдны замыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нэг талдаа гурван эгнээ, хоёр урсгалтай хурдны зам байгуулах асуудлыг айлчлалын үеэр ярилцсан.

-Томоохон төслүүдийн моторыг нь асаагаад, түлхүүрийг нь эргүүлэхийн тулд бид нэн түрүүнд юү хийх ёстой вэ?

-Биднээс ихээхэн зүйл шалтгаална. Нэгдүгээрт, бид хэлсэн ярьсандаа байх ёстой. Хоёрдугаарт, сахилга баттай байх ёстой. Гуравдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг суулгах ёстой. Ямар ч харилцаа, бизнест хоёр талын хамтын эрх ашиг гэдэг зүйл зайлшгүй яригддаг.

Түүнчлэн төрийн хүнд суртлыг арилгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай. Төрийн хүнд суртал, авлига гээчийг байхгүй болгож байж бид урагшилна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлыг онцгойлон анхаарч, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ тухай олон жил ярьсан учраас иргэд эргэлзэж байж магадгүй. Гэвч бид хийх ёстой. Төр нь гол зохицуулалтыг хийгээд, бусад ажилд нь төр оролцох шаардлагагүй гэсэн үзэл санааг дэвшүүлж байна. Ингэснээр олон аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоотойгоор ажлын байр ч нэмэгдэнэ, хувийн хэвшлийн эдийн засгийн боломж ч өргөжнө.

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар маш олон төсөл, хөтөлбөр санаачлан, эхлүүлдэг ч төд удалгүй замхардгийг иргэд шүүмжилдэг. Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг асуудал нь хөнгөн галт  тэрэг гэлээ.  Таван жилийн дотор гурван чиглэлд, 50 км орчим урттай хөнгөн галт тэрэгний замыг бүтээн байгуулах ажил хэр бодитой бол?

-Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй төсөл, арга хэмжээг олон жил ярьсан. Э.Бат-Үүл даргын үед нэг хэсэг сайн явсан ч багийн зохион байгуулалтад орж, ойлголцож чадаагүй болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж чадаагүй. Харин энэ асуудал өдгөө МАН эрх барьж байгаа цагт гарахгүй байгаа нь давуу тал. Ялангуяа одоо УИХ, Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын асуудлуудыг бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр бид аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ-ийг зөв тооцоолж, санхүү, эдийн засгийн дэмжлэгээ авч байж амласан амлалтаа биелүүлнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудаас хэд хэдэн зүйлийг онцолмоор байна. УИХ-ын зүгээс хууль, эрх зүйн тал дээр маш сайн суурь дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох суурь алхмыг хийж өгсөн. Төсөв, санхүүгийн тухайд Ерөнхий сайд болон Сангийн сайд Улаанбаатар хотын 420 тэрбум төгрөгийн төсвийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Эдгээр дотоод зохион байгуулалтыг гадаадын томоохон байгууллагууд зүгээр өнгөрөөхгүй. Ялангуяа дэлхийн санхүүгийн байгууллагуудын зүгээс Улаанбаатар хотод шууд зээлийн эх үүсвэр олгох саналуудыг тавьж байгаа. Энэ бүхэн бол хууль, эрх зүйг буюу суурь зарчмаа зөв тавьсны давуу тал юм. Саяны айлчлалын үеэр бид төсөл, хөтөлбөрүүдээ шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр болон олон улсын түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, бүтээн байгуулалтад хамтран оролцох санал гаргасан. Ингэснээр ард түмэндээ амласан түгжрэлийг бууруулан, төвлөрлийг сааруулах төсөл, хөтөлбөрүүдийг товлосон хугацаандаа хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан.  Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийн түвшинд явж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгаж чадна гэж үзэж байна.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Өнөөдөр бид Хан-Уул дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрт ажиллаж байна. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн мах нийлүүлсэн бөгөөд борлуулалт сайн байна. Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.

Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11–12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм.

Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. 

Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь

-Хүний хөгжлийн шинэтгэл

-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл

-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл

-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл

-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл

-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл

-Бүсийн хөгжлийн шинэтгэл

-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ. 

Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ. 

2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ.

Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарлууллаа. 

Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ. Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.  
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа.
Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан

Огноо:

,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодрууллаа.

-Замын хөдөлгөөнийг AI системээр хянах, зохицуулах ажлыг багагүй хугацаанд хэрэгжүүлж байна. Ямар тохиолдолд AI системийг ашиглаж байна вэ?

-Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

-Зөвхөн жолооч нарыг торгоход л AI ашиглаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгэхээр замын хөдөлгөөний бүхий л зохицуулалтад технологийн дэвшил ашиглаж байгаа юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, зорчилт хөдөлгөөний тооллогыг бодит цагаар авч, хөдөлгөөн зохицуулах, гэрлэн дохионд оновчтой зохицуулалт хийх, цаашлаад тээврийн ухаалаг систем /ITS/-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь дата өгөгдлийг цуглуулахад ашиглаж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хэрэгжүүлж байна.

-Тодорхой үр дүн гарсан уу?

-Дээрх ажлын хүрээнд жолооч нарт Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулж, холбоос линк байдлаар энэ оны 2-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай сануулах мессежийг илгээж ажилласан. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын зөрчлийн тоо эрс багассаныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд 81 хувиар буурсан.

  • 7-р сард-4.406.206
  • 10-р сард-2.493.478
  • 11-р сард 1.846.544 болж 81 хувиар буурсан байна. Мөн зогсох шугам давж зогссон зөрчил 7-р сард 335.800 байсан бол 11-р сард 166.455 болж буурсан, хуурамч дугаартай 587 авто машин илрүүлж зөрчлийг арилгуулсан байна. Энэ бол тодорхой үр дүн.

-Түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлсөн байна?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр уулзвар, гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг байдал эрс буурч уулзварын нэвтрүүлэх чадвар тухайн чиглэлдээ 20 хүртэл хувиар сайжраад байна. Жолооч уулзвар нэвтрэхийн өмнө тухайн явах чиглэлийн эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвар орчимд осол гарч түгжрэл ачааллыг бий болгодог байсан үзэгдэл эрс багасаад байна.

-Ирэх он буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн илрүүлж, жолооч нарт торгууль ногдуулна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүрэн AI-д шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ бариад л явчих. Тэгвэл мэдээж торгохгүй шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу л хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хэдийгээр жолооч нарын дүрэм зөрчих байдал эрс буурч байгаа ч гэсэн зарим төрлийн зөрчлүүд хэвээр байна. Тухайлбал, зогс шугам давж явган хүний гарц дээр зогсох, гэрэл дохио зөрчих нь явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулах, тэнцвэртэй зорчилтыг бий болгож түгжрэл ачааллыг бууруулах, уулварын нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн Улаанбаатар хотын авто замын чадамжийг бүрэн ашиглахын тулд үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, түр зогсох хориотой газар удаан хугацаагаар машинаа байршуулах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсох болон эгнээгээр явах зэрэг зөрчлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай байна.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм18 цаг 1 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн н...

Цаг үе18 цаг 5 минут

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчидтай уулза...

Шударга мэдээ18 цаг 17 минут

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц...

Цаг үе18 цаг 20 минут

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чан...

Цаг үе18 цаг 22 минут

"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах талаар хэлэл...

Цаг үе18 цаг 25 минут

АТГ: Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Цаг үе2026/02/09

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Улстөр нийгэм2026/02/09

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт...

Цаг үе2026/02/09

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Урлаг спорт2026/02/09

“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж ба...

Санал болгох