Улстөр нийгэм
“Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэчлэн батлав

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа.
Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм.
Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хэлэлцээр байгуулагдсанаас хойш хоёр улсын хил орчмын бүсэд ой, хээрийн түймэрт хяналт тавих, хамтарсан дадлага, сургууль зохион байгуулах, туршлага солилцох, харилцан тусламж үзүүлэх механизмыг бий болгох зорилгоор 2011 онд Монгол Улсад “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам”-д гарын үсэг зурсан байдаг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ зун газар тариалангийн дийлэнх бүс нутагт хур бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болсон гэж тариаланчид хэллээ. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг уламжиллаа.
Энэ онд ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
Газар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах замаар шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдад хэллээ. Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж салбарын яам нь үзэж байгаа юм.
Тариалангийн бүс нутагт 2025.10.25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхгүй байх, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмыг чанд сахиулахыг сумдын Засаг дарга нарт онцгой анхааруулав.
Улстөр нийгэм
Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно

Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны есдүгээр сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.