Шударга мэдээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.
Гэвч, Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор нэр бүхий иргэний мэдээлэлд үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай Улсын дээд шүүхэд мэдэгдсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу явагдаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа түдгэлзэх болсныг мэдэгдэж байна гэж Улсын дээд шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шударга мэдээ
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Шударга мэдээ
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.
Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ.
“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.
Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.