Улстөр нийгэм
УИХ: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг дэмжив
УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.
Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дипломат албаны тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохоор танилцуулж байна гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Наранбаатар аймаг, сумуудыг Бүгд Найрамдах Солонгос Улсын ижил төстэй муж, хоттой холбох, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хамтарч ажиллах, боловсролын болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг, туслалцаа үзүүлэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ковидын дараах эдийн засгийг сэргээхэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Д.Ганбат хил, гааль хаалттай, юмны үнэ өссөн энэ үед гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллах, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ аль болох ойр, холбоотой байхад анхаарч ажиллахыг сануулаад, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьсан талаар Гадаад харилцааны сайдаас асуулт асууж хариулт авчээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулахад бодит үр дүн чухал учир энэ асуудалд анхаарах, булангийн орнуудтай хамтарч ажиллан хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ нягт холбоотой байж эрх ашгийг нь хамгаалах, дэмжих, зах зээлээ тэлэх, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, ижил тэнцүү, эрх тэгш, харилцан уялдаатай хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн С.Батболд гадаад харилцааны салбар мерит зарчмаа барьж цаг тухайд нь асуудлаа хэлэлцүүлж байгааг дэмжиж байна гээд Ковидын дараах улс орнуудын харилцааг хүрсэн түвшинд байлгахын зэрэгцээ илүү сайн зүйлүүдийг санаачилж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Н.Энхболд гадаад харилцааны салбар нь улс төрждөггүй, төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай зөрсөн, аливаа асуудал гаргасан элчин сайдуудыг буцаан татах, энэ асуудлыг жижиг гэж орхилгүй анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг тус тус гарган, зарим нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2025/09/22
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инжене...
-
Цаг үе2026/06/24
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц...
-
Цаг үе2024/10/10
Гадаад хэргийн яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг хааж, шинэчилнэ
-
Цаг үе2020/10/26
Улаанбаатарт өдөртөө хүйтэрч 0 хэм орчим байна
