Улстөр нийгэм
Эмэгтэй энхийг сахиулагчид ирэх онд Монголд чуулна
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд цахимаар оролцож үг хэллээ. Хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог аж.
Энэ удаагийн хуралдааныг Ази тивд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцож, энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтууд, цаашдын бодлого тодорхойлох асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдаанд БНСУ-ын ерөнхийлөгч Moon Jae-in, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Antonio Guterres нар цахим мэдчилгээ дэвшүүлж, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Suh Wook, Гадаад хэргийн сайд Chung Eui-yong нар нээж үг хэллээ.
Уг хуралдааны хоёр дахь өдөр буюу өчигдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлэв. Тэрбээр Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-ын зорилго, үйл ажиллагааг хүндэтгэн дэмжиж, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улс цэргийн алба хаагчдынхаа бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай байгаа Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, явуулын мэс заслын хүчин чадавхитай Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг тус тус шинээр оролцуулахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээрх НҮБ-ын уриалгыг дэмжиж энхийг сахиулах ажиллагаанд шинээр оруулах цэргийн багуудыг тодорхой хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хүчин чадавхтайгаар үүрэг гүйцэтгүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаагаа дуулгав.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаагаа ч дурдсан юм. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдний туршлага сургамжийн талаар олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2022 онд зохион байгуулж ажиллахаа онцоллоо. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан мандаттай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэхийн тулд идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Улстөр нийгэм
Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна
НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв байгуулах төсөл” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна.
Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах
Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал
Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын байршлыг дараах холбоосоор үзнэ үү.
Хувийн хэвшил өөрийн эзэмшиж буй газар дээр санал гаргах эрхтэй. (10-15 га газар, хотоос 40 км дотор төлөвлөх нь зүйтэй)
Нийслэлийн нийт хүн амын 35.7 хувийг 0–16 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхэд багачуудын боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв хүмүүжин өнгөрүүлэх, монгол ахуйг таниулах, олон улсад болон бүсийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх орчин, боломж, соёл, урлаг, спортын чиглэлээр хөгжих, нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд хувийн хэвшил төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр боловсруулж бичгээр эсвэл цахимаар 2026 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
- Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар, 303 тоот
- Утас: 976 70110071
- Цахимаар санал өгөх хаяг: https://ubppp.gov.mn/project/empty
- Цахим шуудангийн хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авах боломжтой.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Шэнь Миньжуань Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж буйгаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч мөн хоёр улсын найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа.
Элчин сайд Шэнь Миньжуань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан юм.
-
Шударга мэдээ2025/08/29
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох ...
-
Үзэл бодол2020/10/23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэ...
-
Цаг үе2021/03/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2023/05/15
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
