Үзэл бодол
Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. Хөгжлийн концепцоо хэрхэн тодорхойлсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхийг эргэн харахад хөгжлийн хувьд үсрэлт хийсэн цаг хугацаа нь 1965-1985 он. Тэрхүү 20 жилд өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрх бүрэлдэж, ерөнхий дизайн тавигдсан байдаг. Харин нийгмийн шилжилт, өөрчлөлт явагдсан 1990-ээд оноос хойш төр засгийн зүгээс Улаанбаатар хотын хөгжилд дорвитой өөрчлөлт хийхүйц шийдвэрийг гаргаж байгаагүй. Хот асуудлаа өөрөө зохицуул гээд орхичихсон байх жишээтэй. Тухайн үед 500 мянга гаруй байсан хүн амын тоо өдгөө 1.6 сая шахам болжээ. Хүн амын тоо л гэхэд гурав дахин өсөж, нягтаршил нэмэгдсэнтэй холбоотой дулаан, цахилгаан эрчим хүч, хог цэвэрлэгээ, хот тохижилтын зардал мөн төдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Хотын захиргаа, удирдлагын зүгээс иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангах үүднээс ажилласаар ирсэн.
Гэхдээ бид цаашдаа энэ байдлаар урагшлах бус, эрчимтэй хөгжмөөр байна. Дэлхийн түвшинд хүрсэн хот болмоор байна. Метрополитон хотын хэмжээнд хүртэл хөгжмөөр байна. Үүнийг манай хотын иргэд хүсэж байгаа, би ч хүсэж байна, та ч хүсэж байгаа. Үүний үндсэн нөхцөл нь юу вэ гэхээр суурь нөхцөлөө маш сайн гаргаж ирж байж шийдэлд хүрэх ёстой. Юун түрүүн бид эрх зүйн шинэтгэлийг хийлээ. 3-4 жилийн турш хүчтэй ярьсан Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэл 2020 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдсан органик хуулиудын араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг батлуулсан. Нэгжийн хуулийн шинэчлэл нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн суурь нь болж өгсөн.
-Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрчимтэй хөгжлийн эхний боломж гэж хэлж болох нь ээ. Хот төсвийн хувьд бие даахын дээр төсвөө тэлж бонд, концесс гаргах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Эдгээрийг эрэмбэлбэл эхэнд нь юуг хэлэх вэ?
-Улаанбаатар хот шатлал ахиж, яамдын түвшинд хүрч буй бол дүүргүүд маань аймгийн түвшинд хүрч байгаа. Хот, дүүргийн төсөв нэлээд хэмжээгээр тэлж байна. Хороо төсөвтэй байх асуудлыг дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой гэж харж байгаа. Нэг хороо 10-15 мянган иргэний асуудлыг зохицуулж буй анхан шатны нэгж учраас тодорхой хэмжээний төсөвтэй байж, өөрсдийн хэмжээнд шийдвэр гаргадаг болно. Үүнийг дагалдан төрийн боловсон хүчин, анхан шатанд ажиллаж буй албан хаагчдын дадлага, мэдлэг, чадвар нэмэгдэх давуу тал бодитой бий болж байгаа. Эдийн засаг талаасаа сая хэлсэнчлэн төсвийн хувьд, концесс, бондын хувьд ч бие даана. Мөн гадаадын эх үүсвэр татах боломж өсөн нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч нар олоод харчихсан байгаа юм.
-Хот хөрөнгө оруулагчдыг татах суурь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар тавигдсан гэсэн үг үү. Энэ тал дээр ямар яриа хэлцлүүд хийгдээд байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагч нар хаана хууль, эрх зүйн зөв зохицуулалт байна, хаана зөв бодлого байна, хаана хөрөнгө оруулбал богино хугацаанд үр дүн гарах вэ гэдгийг харж хөрөнгө оруулалт хийдэг. Монгол Улсад их, бага хөрөнгө оруулж буй гадаадын санхүүгийн байгууллагууд хотын хөрөнгө оруулалтад эхний ээлжид орж ирж байгаа. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, зарим орнуудын Хөгжлийн банкнууд Улаанбаатар хотын төслүүд рүү орох сонирхлоо илэрхийлээд эхэлсэн.
LRT буюу хөнгөн галт тэрэгний чиглэлээр, нийтийн тээвэр буюу цахилгаан галт тэрэг, дээрээс нь цахилгаан дугуй, цахилгаан такси үйлчилгээ зэрэгт хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компаниуд хүртэл хандаж байна. Хамгийн сүүлд гэхэд Чехийн Элчин сайд ложистикийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Япон Улс дагуул хотуудын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй мөн уулзахаар товлоод байна. Инженерийн байгууламж бол хүний нүдэнд харагдахгүй ч газар доорх хот болон оршиж байдаг. Үүнийг бүрэн шинэчилж байж, дулаан байх, гэрэл гэгээтэй байх бүх суурь нөхцөлүүд бүрдэх юм. Тиймээс томоохон хэмжээний санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө босгож, томоохон бүтээн байгуулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ бүхэнд улсын хөгжлийн болоод хөрөнгө оруулалтын бодлого асар том дэмжлэг болж байгаа. Ерөнхий сайдын өргөн барих гэж буй эдийн засгийг дэмжих хуулийн төслүүд, хөрөнгө оруулалтыг сайжруулах хуулийн төслүүд, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн төслүүдийг маш сайн цэгцэлж эрэмбэлээд ирвэл манай эдийн засагт хурдтай үсрэлт бий болгож, эдийн засаг гэрлийн хурдаар тэлэх боломж бий болно гэж харж байгаа. Уул уурхайн сайд байсан хүний хувьд хэлэхэд, манай эдийн засаг бол богино хугацаанд сэргэж болохоор харагддаг. Ард иргэд ч тэгж хүлээж байна. Гол нь хариуцаж буй хүмүүс нь манлайлалтай, зориг зүрхтэй, санаачилгатай баймаар байна. Тэгж чадна гэсэн хүлээлт байна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн хийж буй ажил Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад шууд нөлөөлж байдаг.
Хот бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр байдаг хүчин чадлаараа чармайн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн ганц зүйл дээр очиж зогсдог. Энэ бол хууль. Бид хуулиа нэлээд өргөн хүрээнд батлуулж чадсанаараа бахархаж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Тэдний дэмжлэг итгэл, бодлогын дэмжлэгийг алдахгүйн төлөө хотын удирдлагууд ажиллах болно.
-Төрийн бодлого нэгдмэл байж үр дүн тодорхой гарна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Төрийн гурван өндөрлөг нэг шугаман дээр, нэг цонхоор харсан шийдвэр гаргаж байгаа. Энэ бол асар том хүч. Энэ хүчийг алдаж болохгүй. Энэ цаг хугацаандаа эзэн байх ёстой.
-Дагуул хот байгуулах, хөрөнгө оруулалт татах таатай бүсүүд бий болгох тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Улаанбаатар хот дагуул хоттойгоор хөгжих бодлогыг “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг болоод Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан. Улаанбаатар хот бол улсын хөгжил, улс үндэстний нүүр царай. Тиймээс хотын бодлогыг дэмжиж хөрөнгө оруулж буй УИХ, Засгийн газрын дэмжлэг оновчтой шийдэл. Цаашид үргэлжлээд явах байх гэж итгэж байгаа.
Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Энэ дагуу дагуул хот хариуцсан орлогчтой байх ёстой юм. Дагуул хотод хийгдэх ажлууд маш их байна. Ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм, татварын зохицуулалт нь яах вэ гэхчлэн асуудлууд хэлэлцэх түвшиндээ явж байгаа.
Ер нь бол дагуул хот Улаанбаатарын нүүр царай болсон хот байх юм. Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот шүү дээ. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй. Түүн шиг дагуул хотод маань олон улсын нисэх буудал буюу агаарын зам, Богдхан төмөр зам, олон улсын А3 хурдны замын уулзварууд гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж бүрдэнэ. Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм.
-Хот засаг захиргааны бүтцээ шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Яаж шинэчлэх вэ?
-Ерөнхий сайд үндэсний хороодыг өөрчиллөө шүү дээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хороо, түгжрэл бууруулах буюу хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах хороо, цахим шилжилт буюу төрийн хүнд суртлыг бууруулах хороо, олимпизмыг дэмжих хороо, орон сууц буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжих хороо гэхчлэн. Яг энэ хороодын чиглэлээр хот бүтцээ боловсруулна. Энэ нь төрийн бодлогын уялдаатай холбоотой. Шууд харилцах, хурдтай явах зохицуулалт байх юм.
-Яг одоо төсөв хэлэлцэж буй цаг үе. Хот ч мөн төсвөө удахгүй батална. Хамгийн эхэнд онилсон хөрөнгө оруулалт юу байх вэ?
-Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түгжрэлийг бууруулах томоохон хэсэг бол хамран сургах тойрог шүү дээ. Ганц жишээ дурдъя. Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд 25-31 мянган хүн ам оршин сууж буй. Гэтэл томоохон хороололд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Энэ бол үнэхээр харамсалтай. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгтэй, ил, далд зогсоолтой, ногоон байгууламжтай хороолол, хотхоныг бид бодлогоор дэмжинэ. 2022 оноос Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс гадна өөрийн гэсэн стандарт, норм, дүрэмтэй хот болно. Бидний сэтгэлийг гонсойлгосон стандартгүй байдал 2022 оны эхнээс цэгцэнд орно. Өөрөөр хэлбэл, бидний “Тоглоомын дүрэм шинээр эхэлнэ” гэсэн үг.
-Тоглоомын дүрэм тодорхой байвал хотын иргэд ч хотын стандартаар амьдарна биз?
-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатар хотын тохижилт, зам харгуй бүхэлдээ стандартгүй байгаагаас иргэд ч, бид ч сэтгэл дундуур байдаг. Энэ байдал арилж, Улаанбаатар иргэн төвтэй хот болно. Машин төвтэй хот биш шүү. Хот маань улам сүр жавхлантай сайхан хот байгаасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж ажиллаж байгаа.
Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.
Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан.
“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Төслийн нөлөөллийн бүс дэх иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн, бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа.
Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.
Үзэл бодол
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Үзэл бодол
Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн
НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.
Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.
Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.
-
Цаг үе2022/04/20
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Цаг үе2020/07/07
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт
-
Урлаг спорт2021/01/09
“Gobi challenge-2020” төслийн хүрээнд 650 км тэмээгээр аялжээ
-
Цаг үе2023/08/23
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь