Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Сэхээний орон дээр хэвтэж байгаа эрчим хүчний салбар

Огноо:

,

Дэлхий нийтэд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, газрын тосны үнэ баррель нь 100 долларыг давсан хямрал дэлхийн олон оронд үргэлжилсээр... Өвлийн улирал дөхөж, халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд цахилгааны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж байгаа ч үнийн хязгаарлалтыг цаашид барьж чадахгүй хэмээн түгшиж байгааг олон улсын хэвлэлүүд нийтэлсээр байгаа юм. Эрчим хүчний хямрал одоогоор Европын бас Азийн хэд хэдэн оронд нөлөөлж эхэллээ. Тухайлбал,
  • БНХАУ оршин суугчдынхаа цахилгааныг хязгаарлаж, хүнд үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй тулгарсныг CNN агентлаг мэдээлэв.
  • Энэтхэг улсад нүүрс ховордож өнөөдрийн байдлаар нүүрс түлдэг 135 цахилгаан станцын 63 нь ердөө ганц өдрийн нөөцтэй үлдээд байна. Энэтхэгийн Эрчим хүчний захиргааны төвийн мэдээлснээр 17 цахилгаан станц огт нөөцгүй болжээ. Нүүрсний хомсдолд орсон эдгээр цахилгаан станцууд тус улсын 70 орчим хувийг эрчим хүчээр хангадаг байна.
  • Солонгосын Цахилгаан эрчим хүчний компани есдүгээр сарын 23-нд цахилгаан эрчим хүчний үнийг сүүлийн найм орчим жилийн хугацаанд анх удаа нэмнэ гэдгээ мэдэгджээ.
Азид нүүрсний хомсдол, тээвэрлэлтээс үүдсэн эрчим хүчний хямрал бий болоод байгаа бол  Зүүн Азид байгалийн хийн үнэ есдүгээр сараас хойш 85 хувиар өсч, газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 204 доллар болж, сүүлийн 13 жилд тохиолдоогүй өндөр үнээр борлуулагдаж эхлэв. Харин Европт байгалийн хий нэг баррель нь 230 долларт хүрсэн нь есдүгээр сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна.
  • ОХУ-ын хийн экспорт буурч, салхин станцууд нь салхи нөөцөлж чадахгүй байгаа нь Европын эрчим хүчний хямралд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
  • Их Британид л гэхэд эрчим хүчний үнэ нэмэгдсэний улмаас хэд хэдэн ханган нийлүүлэгч хаалгаа барихад хүрчээ.
  • Бразилын өрхүүдийн төлөх эрчим хүчний төлбөр нэмэгджээ.
  • Пакистан, Бангладеш зэрэг улс түлш авах боломжгүй болж эдийн засгийн хувьд зогсоход ч хүрч болзошгүй байна. Пакистанд байгалийн шингэрүүлсэн хийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай зардлаас үүдэн улс төрийн маргаан үүсээд байгаа бөгөөд сөрөг хүчний улстөрчид төрийн өмчит импортлогчийн худалдан авалтыг нарийвчлан шалгахыг шаардаж байна.
  • Америкийн Аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдийн холбоо хийн нөөц хэвийн хэмжээнд эргэн очих хүртэл экспортыг бууруулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавьсан нь хилийн чанадад үүсээд буй хомсдолыг улам дордуулж магадгүй байна.
Дээрх баримтууд дэлхий нийтээр эрчим хүчний салбар хямралд нэрвэгдэж байгааг илчилж байна. Тэгвэл Монголд ямар байна вэ? Монголын эрчим хүчний салбар энэ хямралын гадна үлдэж чадах уу гэсэн асуултад бид хариулт олохоор сурвалжилсан юм.

Монголд Эрчим хүчний хэрэглээ огцом өсчээ

Өнгөрсөн 2020 онд Монгол Улс 7.1 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Импортын эрчим хүчний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авчээ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2018 онд 118 МВт-аар, 2019 онд 25 МВт-аар, 2020 онд 65 МВт-аар, 2021 онд 124 МВт-аар нэмэгдсэн байна. Гэвч үүнийг дагаад хэрэглээ ч бас өссөн байна. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 5-6 хувиар өсдөг байсан бол 2021 онд 13 хувиар өссөн гэдэг тоо баримтыг Диспетчерийн Үндэсний төвөөс өгч байна.

Өвлийн сар гараагүй, эрчим хүчний оргил ачааллын үе эхлээгүй байхад  цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 орчим хувиар огцом өсч, 100 гаруй МВт-аар нэмэгдсэн нь өнөөдөр эрчим хүчний салбарынхны хувьд “түгшүүрийн харанга” дэлдэж байна. Үүнээс харахад дэлхий нийтийг хамраад байгаа эрчим хүчний хямрал Монголчуудыг ч бас тойрохгүй, дайрах нь гэсэн болгоомжлол төрж байгаа юм.

Насны доройтолд орсон техник тоног төхөөрөмж
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрчим хүч, дулаан, хий, усны үнийг төрөөс даах шийдвэр гарсан. Үүний дараа хэрэглээ огцом өсч зарим газруудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авч байсныг бид мэднэ. Тэгвэл энэ өвлийн хэрэглээ өмнөх оныхоос улам л нэмэгдэх нь тодорхой байна. Дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх байгууллагууд энэ ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Харамсалтай нь бас л сайн мэдээ эндээс дуулахгүй. Өнөөдөр гал зулгуулж байгаа дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 32-62 жил, шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Өөрөөр хэлбэл аль социализмын үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бид ашиглаж, засч сэлбэж, амь торгоож гал залгаж байна гэсэн үг. Монголчуудын ганц найдвар, амь зуулга болсон “ДЦС-4” ТӨХК хамгийн залуу үйлдвэрүүдийн нэг. Гэвч тус үйлдвэрийн Зуухны экран хоолойг 1997 онд сольжээ. Энэ экран хоолойн ажиллах нормт хугацаа 100 000 цаг. Гэвч өнөөдөр 114 180 цаг ажиллаж байна. Энэ бол ганцхан жишээ. “Ашиглалтын хугацаа нь дууссан, ажиллах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан маш олон техник, тоног төхөөрөмж өнөөдөр эрчим хүчний салбарт үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ хэрээр эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа алдагдаж байна. Засвар, шинэчлэлийн ажлуудыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаагаас нэг  хэрэглэгчид ногдох тасалдлын давтамж 20-30 хувиар нэмэгдэж байна” гэж Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжуур бидэнд ярьж байсан юм.

Үнэ цэнэтэй хэрнээ үнэ тарифтаа чөдөрлүүлсэн эрчим хүч

Монголд зарагдаж байгаа хамгийн хямд бараа бүтээгдэхүүний нэг нь эрчим хүч. Тодруулбал 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 175 төгрөг. Өнөөдөр 175 төгрөгөөр бид захын дэлгүүр ороод ганц хайрцаг шүдэнз ч авч чадахгүй. Хоёрхон жилийн өмнө 50 төгрөгөөр зарагддаг байсан нэг хайрцаг орос шүдэнз өнөөдөр дэлгүүр, ТҮЦ-нд 200 төгрөг. Бид 175 төгрөгөөр ганц иштэй чихэр ч авч чадахгүй. “Чупа чупс” гэдэг иштэй чихрийн үнэ гэхэд л 250-450 төгрөг байгаа. Гэвч Монголчууд эрчим хүчний үнийг үнэтэй байна гэж маргадаг. Үнэгүй байх ёстой гэж боддог. Ихэнх улс төрчид хямд үнээр бөөн бөөнөөр нь зарж байгаа нүүрсээ өөрсдөө шатааж эрчим хүч гаргаж авах хэрэгтэй гэж том том илтгэл, лоозон бичдэг. Харамсалтай нь эрчим хүч гэдэг өөрөө нарийн шат дамжлагатай, үйлдвэрлэлийн асар өндөр зардалтай гэдгийг ихэнх нь мэддэггүй, мэдсэн ч ярихыг хүсдэггүй. Эрчим хүчний үйлдвэрлэл гэдэг нүүрсний уурхайн хөрс хуулалтаас эхэлдэг. Уурхайн хөрсийг хуулж, нүүрс гаргаж авч, вагонд ачиж, төмөр замаар тээвэрлэж станцууд дээр буулгаж, эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах шугамаар дамжуулж, тэрийг нь хэрэглэгч рүү түгээдэг. Нэг кВт.ц эрчим хүчний үнэ буюу 175 төгрөгөнд дээрх бүхий л зардал, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, орлогын татавар шимтгэл бүгд багтсан байдаг. Тиймээс өнөөдөр эрчим хүчний салбар үнэ тарифандаа чөдөрлөгдөж, урагш хөгжиж чадахгүй байгааг бүгд ярьж байна.

“ДЦС-4” ТӨХК-ийн захирал Ү.ТөмөрхуягСүүлийн үед хөрөнгө санхүүтэй холбоотой томоохон хүндрэлүүд тулгарч гарч ирж байгаа. Манай дулааны IV цахилгаан станц нийт нийлүүлж байгаа эрчим хүчний  60 гаруй хувийг энергиэрээ нийлүүлдэг атлаахамгийн бага үнээр эрчим хүчээ борлуулдаг.  Монголдоо хамгийн бага өртөгтэй нийлүүлэгч гэсэн үг. Дулааны цахилгаан станцуудын зардал байнга өсч байна. Татвар, шимтгэл, валютын ханш, нүүрс тээврийн зардал, төмрийн үнэ огцом нэмэгдлээ. Зардал өсч байгаа учраас бидэнд бүтээгдэхүүнийхээ үнийг ч бас нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан бүрэн засвар үйлчилгээ хийх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх нь битгий хэл сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байна” хэмээн ярьж байна.

Монгол Улсын эрчим хүчний үнийг гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоѐр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар, бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байдаг гэнэ. Мөн Монгол Улсын нэг өрхийн сарын хэрэглээний 6 орчим хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг гэдэг тооцоог Үндэсний Статистикийн хорооны судалгаа харуулж байна.

Эрчим хүчний салбар сэхээний орон дээр байна

Хүнээр бол Монгол Улсын эрчим хүчний салбар ядарч туйлдсан өвчтөн шиг болжээ. Эрчим хүчний цохилох зүрх нь болж байгаа дулааны станцууд ачааллаа даахаа байж, судас шөрмөс нь болсон дамжуулах, түгээх сүлжээ элэгдэж хуучирч мууджээ. Гол амин тэжээлийг нь залгуулж байгаа нүүрсний уурхайнууд хөрс хуулалтын алдагдалтай, өртгөөсөө бага үнээр нүүрсээ станцуудад нийлүүлж байна. Хэрэглээ өсч, өсөн нээмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг станцууд хангаж чадахгүй болж ОХУ-аас авдаг эрчим хүчний чадлаа нэмэгдүүлэхээр албаны хүмүүс хэлэлцэээрийн ширээний ард сууж байгааг ч зарим эх сурвалж нуухгүй байна. Эрчим хүчний салбарыг эдгээх ганц зүйл бол хөрөнгө оруулалт. Ядаж бодит өртөгтөө хүрдэг үнэ тариф энэ салбарт байж байж, уурхай, станц, дамжуулах түгээх сүлжээ хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх нь. Үнэндээ Монголчууд бид тун удахгүй эрчим хүчний хямралд өртөхөөр байна гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох