Үзэл бодол
Б.Бямбадорж: Тоног төхөөрөмж нь байвал дүүргийн эмч нар бүх төрлийн нарийн шинжилгээг хийж чадна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа.
-Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ?
-“Ковид-19” цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан орны зохицуулалтыг хийж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвхөн халдвар авсан иргэдэд үйлчлэхээр ор дэлгэсэн 46 эмнэлэг бий. Дельта вирус дэлгэрснээс хойш эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байгаа. Үүнээс үүдэн орны эргэлт удааширч буй тал бий. Өдөртөө 700 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байхад 600 гаруй хүн эмнэлгээс гарч байдаг. Тиймээс бид ор зохицуулалтын баг ажиллуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өмнө нь 46 эмнэлэг өөрсдөө хэвтэх хүмүүсээ авдаг байсан бол одоо 12 хүний бүрэлдэхүүнтэй ор зохицуулалтын багийнхан үнэлгээ өгч хэвтүүлж байгаа.
Өрхийн эрүүл мэндийн төв, тандалт шуурхай арга хэмжээний багийнхан яаралтай эмнэлэгт хэвтэх хүмүүсийн талаарх мэдээллээ ор зохицуулалтын багт мэдээлнэ. Энэ дагуу тус багийнхан үнэлгээ өгч, шаардлагатай хүмүүсийг шууд хэвтүүлж, улбар шар түвшний хүмүүсийг маргааш нь хэвтүүлэх гэхчлэн зохицуулж байгаа. Ингэснээр шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт хэвтэх байдал үгүй болж, гэртээ хүндрэх эрсдэл буурсан.
-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байна. Тухайлбал, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд ирэх жил 89 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат хэрэгслийг концессын гэрээнд оруулах санал хүсэлтээ зохих байгууллагуудад тавиад байна. Удирдлагууд дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлчихвэл нийслэлийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ ойртож, тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, заавал төрөлжсөн тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд рүү очиж, дуран, MRI хийлгэх бус, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх боломжтой болно. Үүний тод жишээ бол Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг байна. Дүүргийн эмч нар маань тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь байвал дээрх бүх нарийн шинжилгээг хийж чадна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас богино хугацаанд үр ашгаа өгөх тооцоо хийгдчихсэн байгаа.
-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байна. Байгууллагуудын бүтэц, орон тооны асуудал ч яригдаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд орон тооны талаар тулгамдсан асуудал бий юү?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд орон тоондоо тааруулаад хөгжил дэвшил, шинэчлэл хийхгүй бол болохгүй. Өвчтөнийг өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх талд анхаарахыг чухалчилж, энэ хүрээндээ нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч дарга ажиллуулж байна. Энэ бүгдийг хуучин орон тоондоо багтаагаад шийдсэн.
Төсвийн хувьд ч мөн сүүлийн 10 жилд огт нэмээгүй. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд жилд 15 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөн дүн 10 жилд нэмэгдээгүй. Ковидын үед ч бид ковидгүй үеийн төсвөөрөө ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлж, бид байгаа төсөвтөө багтаан ажиллаж байгаа.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
