Цаг үе
“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг хуралдав

Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк орчмын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, нийслэлийн хэмжээнд тэсэрч, дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байршил, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс нь тус парк болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл сонсов. Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж санал солилцлоо. Тодруулбал, "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ-ын орчимд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуй нэгж байгаа юм. Гэхдээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад аюулгүйн бүсийн хэмжээг стандартаар зааж өгсөн байдаг. Тиймээс уг байршилд "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа явуулах эсэх, мөн эдгээр дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулах эсэх дээр зөрчил үүсээд байгаа аж.
Хурлын үеэр уг ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан “Хотын ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Багахангай дүүрэгт явуулахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл эдгээр байгууллагууд төлөвлөлтөөс өмнө суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон байна. Аж ахуй нэгжүүдийг яаж хохирол багатайгаар хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах вэ гэдэг дээр ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулна” гэдгийг хэллээ.


Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Урлаг спорт2022/03/01
Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой бо...
-
Улстөр нийгэм2024/08/21
Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-ноос эхэлнэ
-
Үзэл бодол2020/05/12
Монголын хуулиас гадуур Оюу Толгой төсөл
-
Шударга мэдээ2025/07/02
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар а...
