Улстөр нийгэм
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Соёлын яаманд боллоо.

Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1077, 1078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин: Энэ жил Монголын тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байна. Ардын хувьсгалын энэхүү түүхэн ой нь олон салбарын хөгжил дэвшлийн эхлэл байсан бөгөөд тухайн үеэс эхлэн Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж олон улс оронд ашигласан нь Монгол Улс бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ бататган харуулахад чухал алхам болж байжээ.
Түүнээс хойш бид Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо тэмдэглэж, тулгар төр, ардын хувьсгалын түүхээ марк болгон дахин дэлхий дахинаа тунхаглаж байна.
Түүхэн ойд зориулсан “Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк нь монголын түүхийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээж буй үнэт зүйл бөгөөд төрт ёс, тусгаар тогтнол, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламлалыг хослуулсан бүтээл болж чаджээ.
Энэхүү маркийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол шуудан” компани, эрдэмтэн судлаачид, уран бүтээлч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар: “Хэдийгээр бид албан ёсоор 2230 жил гэж байгаа ч бидний түүх цаашид лавширч, 3500 жилийн өмнө анхны төрт улсаа байгуулсан сүүлийн үеийн баримт сэлт гарч ирж, илэрч олдож байна. Тиймд дараагийн маркан дээр байх Монголын төрт ёсны он цаг дахин урагшлах ирээдүй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.

Мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг: “Ямарваа нэг ойг тэмдэглэх нь найр наадам хийнэ гэсэн үг биш. Агуу түүхт хүмүүсийнхээ ач гавьяаг дурсан тэмдэглэж, өөрийнхөө өв соёлоор бахархах учиртай юм. Энэ удаад бид Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан марканд Анхны-7, ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзэлж, монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнолоо зарлаж байсан тэр түүхэн үйл явдлыг дурсахаар дүрсэлсэн. Алгын чинээ цаасан дээр Ардын хувьсгалыг багтаана гэдэг их хөдөлмөр. Үүнд, судлаач, эрдэмтэд гар бие оролцсон” гэлээ.
"Монгол тулгар төр-2230 жил" маркийн тайлбар

Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм
Маркийн нүүрний үнэ: 1000₮, 1000₮, 1000₮
Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ш
Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш
Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор
Маркийн зураач: Г.Баттөр,
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг
“Монголын тулгар төр - 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.
Хэлхээний эхний марканд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан Шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэл, эдгээр олдворуудын арын дэвсгэр хэсэгт Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудыг суурь болгон үзүүлсэн.
Чимэглэл зурагт Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Ямаан усны хавцлын хадны зургийг /Хүн улсын үеийн НТӨ-III зууны үед хамаарах/ гурвалсан болон хоёр моринд хөтөлсөн сүйх тэрэгтэй Хүн улсын хаан Шаньюй болон хатад, сүлд барьж нум саадаг агссан баатар, араас нь дагаж буй хамгаалагч, Хүн улсын хаад, язгууртны нутаглаж байсан одоогийн Хангайн бүс нутгийн Эрдэнэ хайрхан уулыг уран зургийн аргаар сэргээн зурж, хэлхээний хүрээг Хүн улсын үеийн түүхэнд холбогдох археологийн олдворуудын жижиг хэсгүүдээр нэмж баяжуулан зохиомжлон дүрсэлсэн болно.
Маркийг бүтээхэд Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.
“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар

Блок маркийн хэмжээ: 45х33 мм
Маркийн нүүрний үнэ: 2000₮
Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш
Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор
Маркийн зураач: Г.Баттөр,
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажилласан
Монгол шуудангийн түүхэнд анх 1943 онд “Ардын хувьсгалын үе шатууд” сэдэвт 8 нэрийн марк гаргаж, Ардын хувьсгалын 25, 30, 35, 37, 40, 45, 50, 60, 65, 70, 90, 95 жилийн ойд зориулсан нэг нэрийн, сери, блок, хэлхээ, засвартай шуудангийн маркууд олныг гаргаж байсан арвин түүхтэй.
“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан.
Маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.
Соёлын яам
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
