Шударга мэдээ
Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж, Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо.
Суурь бүтцийн технологийн иж бүрдэл болох инженерийн дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, мэдээллийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулж, баталгаажуулах, тэдгээрийг барихад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон.
Тус төмөр замын чигийг эхний 40,6 км-ийг хэсэгчилсэн байдлаар баталгаажуулж, цаашид газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн баталгаажуулна. Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Шударга мэдээ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх 5.3 км авто замыг гурав хэсэгчлэн хөдөлгөөнийг хааж, шинэчилж буй. Ийнхүү нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Тус замын засвар шинэчлэлтийн талаар НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг гурав хувааж хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, дараагийн хэсэг буюу 58 дугаар сургууль хүртэл 1.5 км, тус сургуулиас Дамбадаржаа хүртэлх 1.4 км авто замын хучилтыг ирэх сарын 1-нээс өмнө хийж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна” гэв.
Мөн авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөнтэй барьж, зургаадугаар сарын 14-ний дотор дуусгахаар төлөвлөж байгааг онцолж байлаа.
Шударга мэдээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав
Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.
“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
Шударга мэдээ
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж, зарим арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн юм.
”Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх,
ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт туссан “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн хүрээнд хүүхдүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг, чадвар олгох,
Ой, хээрийн болон объектын гал түймрийн хохирлын хэмжээг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөртөө уялдуулах,
Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй ханган сайжруулах,
Эрсдэлийн зураглал, мэдээллийн санг бүрэн бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж хэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
Алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалт, холбоо, мэдээллийн системийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарч,шаардлагатай бусад арга хэмжээг цаг алдалгүй авч бүс, орон нутаг, салбар нэгжийн бүх түвшинд гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг анхаарууллаа.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Бүртгэгдсэн түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг онцгой байдлын байгууллагаас цаг ямагт анхааруулсаар байна. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж түймэр гарчь олон га талбай шатаж, ан амьтан өртөж, хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2020/07/28
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон улсын Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч...
-
Цаг үе2019/11/19
Түүхий нүүрсийг нуун дарагдуулсан зөрчил илрүүллээ
-
Улстөр нийгэм2024/10/07
Яармагийн шинэ гүүрээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авт...
-
Улстөр нийгэм2022/01/28
“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна