Улстөр нийгэм
Эдийн засгийн урамшуулал олгох замаар хог хаягдлын менежментийг сайжруулна
Энэхүү журмын зорилго нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал болон кредит онооны системээр урамшуулал олгоно. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, экспортлох үйл ажиллагааг дэмжих юм. Мөн байгальд дарж булшлагдаж байгаа энгийн хог хаягдлын хэмжээг багасган орчны бохирдлыг буууруулах, улмаар хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой. Журмын дагуу бүх төрлийн цаас, хуванцар болон гялгар уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз, хүнсний болон органик хог хаягдал, автомашины дугуй зэрэг дахивар нөөцөд мөнгөн урамшуулал тооцно. Харин бүх төрлийн хар болон өнгөт төмрийн хаягдал орохгүй. Түүнчлэн кредит оноог үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаанаас үүсэж байгаа дахин боловсруулах боломжтой хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох юм. Энэхүү онооны системийн урамшуулалд мөн эко жорлон ашигладаг иргэн, ААН мөн хамрагдана. Энэхүү кредит оноог хог хаягдлын чиглэлээр зарласан төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, зээл тусламжид хамрагдах, нийслэлийн их дээд сургуульд элсэн ороход ашиглах аж.
Кредит онооны урамшуулал нь энгийн хог хаягдал төрөлжүүлэн ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг болон мөнгөн урамшуулалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад хамаарахгүй. Энэхүү журмыг хэрэгжүүлснээс мөнгөн урамшуулалд эхний жилд 1.6 тэрбум төгрөг шаардагдана гэж Нийслэлийн ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ. Цаашид хог хаягдал цуглуулах ажиллагаа өргөжсөнөөр урамшууллын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон байна.
Дээрх урамшууллын журам хэрэгжсэнээр хог хаягдал дахин боловсруулдаг 30 орчим үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд ажилладаг 2000 гаруй ажилтан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсний өгөөжийг хүртэх, улмаар илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Гантулга хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг анхааруулсан бол Д.Энхтуяа хог ангилан ялгах талаарх нөлөөллийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээс эхлэн хийх ёстойг санууллаа. Мөн тэргүүлэгч Н.Баярчимэг хотын хог хаягдлын бараг 50 гаруй хувийг эзэлдэг үнсний асуудлыг тавьж, энэ талаарх хэрэгжүүлэх арга хэмжээ бий юу гэдгийг тодруулав. Тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхын саналаар дэмжиж, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болов гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Цаг үе2026/05/12
Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна
-
Улстөр нийгэм2023/10/20
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Үзэл бодол2021/02/08
Ц.Цолмонбаатар: Хувь хүний чадварыг танина гэдэг удирдагч хүний хамгийн том мэдр...
-
Цаг үе2024/12/26
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгд...
