Улстөр нийгэм
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо
2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа энэ сарын 14-ний өдөр чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо.
“Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж буйг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.
“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдээд буй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ.
Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай. Чөлөөт бүсийн дэд бүтцийн хоёр дахь шатны төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл таван жилийн хугацаатай байх юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага их. “Замын-Үүд” чөлөөт бүс нь Ази-Европыг холбосон хуурай замын гол зангилаа, олон улсын тээвэр ложистикийн төв болох бүрэн боломжтой учраас нийгэм, эдийн засгийн хувьд өргөн хүрээнд харж, ирээдүйн үр өгөөжийг тооцон, алсын хараатай бодлого, төлөвлөлтийн дагуу үйл ажиллагааг нь явуулах учиртай. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид олон боломжуудыг алдсан. Алдагдсан боломжуудын өртгийг тооцдог бол хэдэн оронтой тоогоор хэмжигдэх байсныг хэлэхэд бэрх. “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлчихсэн байсан бол өнөөдөр бид 50 вагон, 100 машины асуудал яриад сууж байхгүй, хилийн боомт дээр ачаа бараа саатахгүй байлаа. Иймд одоо төр, засгийн зүгээс чөлөөт бүсийг зах зээлийн голдрилоор хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгохын төлөө ажиллана” хэмээв.
2015 онд баригдсанаас хойш 6 жил болсон “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг 6 дахин, зорчигч тээврийг 3 дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Монгол бол Хятадын гол түнш, гол хөршүүдийн нэг. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэгчилэн Эрээн, Замын-Үүд бол саахалт айлууд гэдгийг онцолж хэлээд, талууд харилцан ашигтай хамтарч ажиллаж, чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас шалтгаалах бүхнээр дэмжиж ажиллах болно гэлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2025/11/11
МАН-ЫН БҮЛЭГ: Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үр дүнд суурилсан арга, аргачлалыг н...
-
Цаг үе2022/04/08
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Улстөр нийгэм2023/10/05
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Урлаг спорт2020/06/05
Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?
