Цаг үе
Дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хотын дарга холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг албаныхан онцолж байлаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турба угсрах ажил хийгдэж эхлэх ёстой байсан. Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл байдал үүсээд байна. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээн ярилаа.

Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Цаг үе
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
-
Цаг үе2026/03/23
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног...
-
Улстөр нийгэм2021/01/21
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыг санаархав
-
Шударга мэдээ2025/04/17
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хон...
-
Цаг үе2025/08/29
Улаанбаатарт өөртөө 20 хэм дулаан
