Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийв
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдэв.
Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв.
Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.
Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ.

Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.
Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтов.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ыг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтов. Монгол оюутнууд БНХАУ-д ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийлэв.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2021/08/24
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орлоо
-
Улстөр нийгэм2023/01/06
Дэд сайд нарыг томиллоо
-
Цаг үе2021/01/08
Төгсөх ангийн сурагчид, англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төсөл...
-
Улстөр нийгэм2019/10/16
Байнгын хороодын үйл ажиллагааг нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангах чиглэл...
