Шударга мэдээ
12-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд иргэдээс нийт 333 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 50 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллав.
Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 28-ны өдөр I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажууллаа. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Шударга мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
“Эх түүх-Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртай” хэмээн онцоллоо.
Энэхүү санаачилгыг дэмжиж Монгол Улсын бүх шатны түүхийн багш нарт Чингис хаан Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Түүхийн багш нарыг харьяалагдах дүүрэг, аймаг, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан баталгаажуулж үнэмлэх олгох юм.
Улсын анхдугаар зөвлөгөөний үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр хэлэлцүүлж, нэгдсэн хуралдааныг удирдан явууллаа. Тэрбээр илтгэлдээ Монголын түүхийн судалгаа нь сүүлийн хоёр зуун гаруй жил дэлхийн олон улс оронд хөгжиж ирсэн монгол судлалын уламжлалтай нягт уялддаг бөгөөд монголчуудын түүх, соёлын өв дэлхийн олон оронд хадгалагдан тухайн улсынхаа чухал өвд тооцогдож байгааг онцлов.
Зөвлөгөөнд оролцож буй ерөнхий боловсролын сургуулийн 630 түүхийн багш Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлж байна.
