Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Ихбаяр: Нийслэлийн харьяа байгууллагуудын 20 үйлчилгээг Emongolia системд нэмж оруулна

Огноо:

,

Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа.

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртож, Төв Шуудангийн нэгдүгээр давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө нээсэн. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ” гэж онцолсон. Улаанбаатар хотыг цахимжуулах ажил хэр явагдаж байна?

-Нийслэлээс 2018 онд Цахим шилжилт төсөл хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлж, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Нийслэлийн цахим үйлчилгээний eservice системийг ашиглан иргэн, хуулийн этгээд төрийн болон нутгийн захиргааны 113 байгууллагын 326 төрлийн үйлчилгээний лавлагаа мэдээлэл буюу үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлага, хууль, эрх зүйн актын мэдээллийг авах боломжтой болсон. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар тус системээр дамжуулан 37 мянга гаруй иргэдэд цахим болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. 

Нийслэлийн цахим үйлчилгээний eservice систем төрийн мэдээлэл солилцооны хур, танил нэвтрэлтийн дан системийг ашиглан онлайн хэлбэрээр төрийн байгууллагын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Тус системд тулгуурлан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас emongolia системийг нэвтрүүлснээр 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. 

Мөн QR системийн хувьд ч адилхан хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд иргэний үнэмлэхийн кодоор уншуулахад тухайн иргэнийг шууд таних хэлбэрээр Хур системээр дамжуулан иргэдийн мэдээллийг авч байна.

-Нийслэлийн зарим үйлчилгээг emongolia системд шинээр нэмж оруулж байгаа тухай E-Mongolia төвийн нээлтийн үеэр хэлж байсан. Энэ нь ямар,  ямар үйлчилгээ вэ?

-Азийн Сангийн Засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 20 үйлчилгээг 2021 онд нэмж шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн портал emongolia системд өгөхөд бэлэн болж байна. Үүнд: 

  1. Нийслэлийн Татварын газар
  • -Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
  • -Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
  1. Нийтийн Тээврийн үйлчилгээний газар
  • -Техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  • -Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл
  • -Авто тээврийн хэрэгсэл түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  • -Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
  1. Авто тээврийн үндэсний төв
  • -Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
  1. Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • -Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ
  1. Нийслэлийн цагдаагийн удирдах газар
  • -Хяналтын камерын тодорхойлолт гаргах
  1. Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар
  • -Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ
  1. Онцгой байдлын ерөнхий газар
  • -Галын аюулгүй байдлын дүгнэлт
  1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • -Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  • -Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  • -Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрныг дүгнэлт гаргах
  • -Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
  • -Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  • -Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  • -Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  • -Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

Түүнчлэн дээр дурьдагдсан  нийтийн хоол, баар ресторан, худалдаа үйлчилгээний чиглэлэээр УОК-аас Галын аюулгүй байдлын дүгнэлтийг заавал авдаг. Тус дүгнэлтийг цахимаар авах боломжтой болж байна.  Жишээ нь, тухайн галын аюулгүй байдлын байцаагч маш олон аж ахуйн нэгжүүдээр явж, дараалал, хүлээлт үүсэх шаардлагагүй болсон гэсэн үг юм. 

Юуны түрүүнд иргэдийг хамгийн ихээр бухимдуулж, чирэгдэл үүсгэж байгаа асуудлыг зохицуулах гэж хичээж байна. Үүнтэй холбоотойгоор дийлэнх ажлыг цахимжуулаад байна. Удахгүй бид нэмж нийслэлийн олон үйлчилгээг цахимжуулж emongolia системд хүлээлгэн өгнө.

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээс иргэд, ААН-ийн авах үйлчилгээ улам л нэмэгдэж байна. Энэ нь сайн талтай ч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ сонгон хайж, олох нь бэрхшээлтэй болох сул тал болох уу?

-Иргэн, хуулийн этгээд өөрт шаардлагатай үйлчилгээг хайлт хэсэг рүү орж сонгох боломжтой учраас бэрхшээл үүсэхгүй. Бид цахим үндэстэн болох том зорилт тавиад түүнийхээ зүг төр, засаг, нийслэл, орон нутаг нэг чиглэлд харж яваа учраас бид зайлшгүй emongolia системийг ашиглах шаардлагатай. Дэлхий дахин ч мэдээллийн технологи, аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлчихсэн. Дэлхий биднээс үүнийг яах аргагүй шаардаж байна. Цар тахлын хөл хорио, халдварын эрсдэл зэргээс үүдэн ЕБС, Их, дээд сургуулийн оюутан, сурагчид цахим орчинд хичээлийн жил, үзэх сурах зүйлсээ авч чадаж байна. Гаднын шилдэг их, дээд сургуулийн боловсролыг эх орондоо байгаа ч цахим орчноор дамжуулан эзэмшиж, дэлхийн боловсролтой болж байгаа олон залуучууд байна. Тиймээс Монгол төрийн иргэндээ үзүүлэх үйлчилгээ цахим хэлбэрт шилжин, нэг порталд орох нь сул тал болохгүй. Ирээдүй биднийг энэ замаар хөтөлж байна шүү дээ.

Бид emongolia системийг хэрэглэхгүйгээр цахим шилжилт хийх тухай ярих боломжгүй. Ядаж л Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаягийн тодорхойлолтоо энэ системээс төвөггүй авна шүү дээ. Цаашлаад ашиглаж сурснаараа бид хялбар түвшинд асуудлаа шийдэж зохицуулж, ажлаа саадгүй явуулж, төрийн үйлчилгээг дан цахимаар авах юм. 

Аливаа ажлын хүрэх үр дүн хэмжигдэхүйц, удирдахуйц байх ёстой. Бүх системдээ нэвтэрснээр маш том дата бааз бий болж байгаа юм. Ингэснээр иргэдийн үйлчилгээ авах хурд нэмэгдэж, удирдах болон хэмжихэд хялбар болж байгаа юм. Дээрээс нь төрийн ой санамж бүрдэж, дараа дараагийн шийдвэр гаргалт сайжрах болно. Мөн бодит цаг хугацаанд хяналт тавих боломжтой болох юм.

Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn  систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байна.

-Баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох