Улстөр нийгэм
Монгол, Унгар улс хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын парламентын бүлгийн дарга нар санал нэгдэв
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал Унгар Улс Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутнууд, хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийг өөрийн орны иргэний адил авч үзэж “Ковид 19” цар тахлын дархлаажуулалтад хамруулах болсонд төдийгүй цар тахлын эсрэг “Ковакс” хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж буйд талархал илэрхийлээд Унгар Улс нь Монгол Улсын Зүүн Европ дахь чухал түнш гэдгийг тэмдэглэв. Тэрбээр мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлнэ гээд хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэхэд парламент дахь бүлгүүд онцгойлон анхаарах төдийгүй парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой учир хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүдийн харилцан айлчлал, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг тэрбээр тодотгон, Монголын оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийдэгт талархаад, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, цаашид Унгарын хөдөө орон нутгийн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох саналаа илэрхийлэв.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг гээд ямар ч цаг үед хамт байж бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж байх болно гэдгээ илэрхийллээ. Тэрбээр мөн монгол оюутнуудад зориулсан Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, сургалт цаашид улам гүнзгийрэх, Унгарын Хөдөө аж ахуйн дээд сургуульд монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг хамтын ажиллагаанууд улам өргөжиж, хөдөө ахуйн салбар, хүнс боловсруулах технологийн чиглэлд хамтын ажиллагааг төвлөрүүлэх саналаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибалын тавьсан саналуудыг бүгдийг нь ажил хэрэг болгох боломж бүрэн дүүрэн бий талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалтад Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар байлцаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Үзэл бодол2021/07/20
Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий бол...
-
Улстөр нийгэм2023/05/03
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2023/03/02
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулах тух...
-
Цаг үе2025/01/08
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
