Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар санал солилцлоо.

Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.
Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтлоо.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөв.

Сайд нар түүнчлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2022/07/28
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов
-
Шударга мэдээ2022/09/14
Ерөнхий сайд Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт...
-
Улстөр нийгэм2022/04/28
Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө
-
Цаг үе2024/11/28
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна
