Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хотын дарга ирэх жилүүдэд хийх ажлаа нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол  их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.

УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав

УИХ-ын дарга  Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтгэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа.

Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Нийслэл нь улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байгаа. Улаанбаатар хотын хүн ам 2024 онд 1.68 сая, 2030 онд 1.86 сая, 2040 онд 2.1 сая болж өсөх тооцоолол байна. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйг тэлэх, нийтийн тээвэр, барилга, дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хотын даргын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал, хүсэлт хэлж, асуулт асууж, хариулт авлаа.  

Х.Нямбаатар: Хотын даргад тулгамдсан асуудлаараа яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг эрхийг олгоё

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хот, нийтийн аж ахуйтай холбоотой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний харилцааг идэвхтэй зохицуулдаг 240 орчим хууль байна. Эдгээр хууль хотыг аймаг, сум, дүүрэгтэй адилтгаж харилцааг зохицуулдаг учраас мөргөлдөж, асуудал шийдэгдэхгүй байна. Жишээ нь, Зам тээврийн сайд нар үеийн үед Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд оролцдоггүй хэрнээ аймаг, орон нутгийн зам тээврийн асуудалд оролцдог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх нь чухал. Энэ хуулийн төсөл нь нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд Хотын дарга яамдаас санал авч, танилцуулдаг эрхийг олгохыг зорьж байгаа. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга нь тулгамдаж байгаа асуудлаа Засгийн газрын хуралдаанаар шийдүүлдэг болох юм” хэмээв. Мөн тэрбээр ирэх долоо хоногт яамдаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх санал гаргав.

Тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түгжрэлийг шийднэ гэдэг бол Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудал болж хувирч байна. Улаанбаатар хотын иргэд асуудлыг яаж, хэзээ шийдэх гэж байна гэдэг. Түгжрэл одоо яг ийм байна, үүнийг ингэж шийдэх боломж байна. Энийг нь шийдээд явж байна гэдэг мэдээлэл тодорхой байх хэрэгтэй. Улаанбаатар хотод үүссэн асуудал 30 жилийн өмнөөс үүсэлтэй. Иймээс үүнийг шат дараатай, он дараалалтай хийх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрбээр мөн нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг аппликэйшнд оруулж, хэдий хугацаанд хэрхэн шийдэх талаар технологийн дэвшил ашиглан, мэдээллийг иргэдэд ойлгомжтой өгөх хэрэгтэй байгааг онцолсон.
 

Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Юуны өмнө, дархлаажуулалтын ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа нийслэлийнхэндээ баяр хүргэе. 2013 оноос хойш хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нийслэлчүүдийн хамрагдалт муу, 30 хувьтай байдаг. Иймээс хорт хавдар болон бусад өвчний хавдрын илрүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоог нийслэлд хийхгүй бол шаардлагатай тусламжаа авч чадахгүй байгаад амиа алддаг тохиолдол их байна. Алслагдсан дүүрэгт түргэн тусламж муу очиж байна. Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

Х.Булгантуяа: Ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн П.Анужин “Улаанбаатар хотын 143 сургуулийн 117 нь түрээсийн гуанз, хоолны газар ажиллуулдаг. Олсон орлогын 40 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг. Энэ орлогыг хүүхдийн хоолны чанарт зарцуулдаг байхад анхаараач. Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж байгаа. Нийслэлийн сургуулиудад чанар, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургууль алга. Хууль ирэх есдүгээр сараас хэрэгжинэ. Орлогын 40 хувьд нийслэл ямар бодлого баримтлах вэ” гэдгийг асуусан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хууль батлагдсантай холбоотойгоор аж ахуйн нэгж сургуулийн гал тогоог түрээсэлдэг байдал зогсоно. Сургуулиудад ажиллах тогооч, орон тоо батлагдаагүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг журмын дагуу үдийн хоолны хөтөлбөрт хамруулахын тулд төсвийн тодотголд тусгах шаардлагатай. Орлогын 40 хувийг нийслэл рүү төвлөрүүлдэг байдлыг зогсоож болно” хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түгжрэлийг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмж, автомашины импортын татварыг нэмэгдүүлэх байдлаар шийдэх боломж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр “Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд тавих шаардлагыг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд газар чөлөөлөлтийг хийж өгөөч. Аж үйлдвэрийн бүс бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Б.Жаргалмаа:  Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот хөгжих бүрэн боломжтой

 УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот маань хөгжих бүрэн боломжтой. Улсдаа татаас өгөхөөс илүүтэй олсон орлогоороо хотоо хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж харлаа. Өнөөдөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын худалдааны чөлөөт бүсийг байгуулах хэрэгтэй. Эрх зүйн орчин бүрдвэл хотод хийх юм их байна” гэдгийг онцоллоо. Мөн Д.Өнөрболор гишүүн хотоос сонгогдоогүй ч гэсэн нийслэлтэй холбоотой асуудал яригдаж учраас иржээ. Тэрбээр түр хороонд орж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалт үр дүнтэй боллоо

Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцож байгаа нь нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. УИХ-ын гишүүд ч ийм уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, уулзалтыг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулахад онцгойлон анхааран ажиллаж байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, такси үйлчилгээний стандартыг шинээр оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд 10 дэд төв байгуулна. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанитай тооцоо, судалгааг хийж байгаа. Авто замын сүлжээг өргөтгөхөөс гадна явган хүн, дугуйн замын тооцоо, судалгаа байгаа ч санхүү дээр очоод гацдаг. Улаанбаатар хот олон оролцогчтой, салбарын сайд нар төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажлыг оруулж ирснээр зардал өсдөг. Бодлогын яам хэрэгжилт дээр хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн 30 жилийн хуримтлагдсан асуудал өнөөдөр биднийг ийм байдалд амьдруулж байна. Хот гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай. Хот нийгэм, эдийн засгийн маш чухал цогцолбор төв” хэмээн онцоллоо.

Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл, баримтлалыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн санал, хүсэлтийг сонсох байсан ч Түр хороо байгуулах санал гарсантай холбоотойгоор түр хороогоор хэлэлцэхээр болсон юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.  
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна.  Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Цаг үе2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Улстөр нийгэм2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Цаг үе2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Цаг үе2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Цаг үе2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Шударга мэдээ2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Улстөр нийгэм2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Улстөр нийгэм2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Цаг үе2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Санал болгох