Улстөр нийгэм
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, тандан судалгаанд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, төслийг боловсруулсан байна.
MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсныг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав.
Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрснийг Х.Нямбаатар сайд төслийн танилцуулгын үеэр мэдээллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2015 онд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулж, тусгай зөвшөөрлийн механизмыг бий болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих субьект, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.
Иргэнд олгох зээлийн үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, хяналт, стандарт байхгүй, улсын төсөвт тус зээлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвар төлсөн тохиолдол байхгүй, хэт өндөр хүү, алданги тооцож, гэрээ байгуулны шимтгэл, хураамж авдаг. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нийт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний мэдээллээс үзэхэд 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 23.983 үл хөдлөх хөрөнгө барьцаалагч иргэн 56.996 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, харин тодорхой, тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээдэд 91.988 барьцааны гэрээ байгуулсан байгаа нь үүний цаана эдгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй компаниуд болон иргэд ашиг олох зорилгоор байнга иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж байгааг дурдав. Нөгөө талаас, шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх голлох хэрэг маргааны нэг нь зээлийн гэрээтэй холбоотой байдаг бөгөөд нийт маргааны 39 хувийг эзэлдэг. Үүний 20 гаруй хувь нь бүртгэл, тусгай зөвшөөрөлгүй, ашгийн төлөө байнгын зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид байгаа гэв.
Хуулийн төсөл батлагдснаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болгосноор тэдгээрийн мөнгөний эргэлт тодорхой болж, татвар шударгаар төлдөг болох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгай, залилангийн гэмт хэрэг, мөнгө угаах, татвараас зайлсхийх эдийн засгийн гэмт хэргүүд буурахад нөлөөлнө гэж үзсэн байна. Бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд хүү авах эрхгүй байх зохицуулалтыг тусгаснаар бүртгэлгүй, татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах нөхцөл бүрдэнэ гэлээ.
Х.Нямбаатар сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
