Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж 4-9 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
Цаг үе
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Spark-UB startup town” ideathon хакатон арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусын инновацын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг санааг бодит бизнесийн шийдэл болгон боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хакатоны хүрээнд оролцогчид бизнесийн загвар боловсруулах, зах зээл болон хөрөнгө оруулалтын талаар сургалтад хамрагдаж, мэргэжлийн менторуудын зөвлөгөө, чиглүүлгийн дор төслөө хөгжүүлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж үнэлүүллээ.
Арга хэмжээний дүнгээр нэгдүгээр байрт “Num soft” баг машин түрээсийн үйлчилгээний төслөөр шалгарч, 3 сая төгрөгийн шагнал хүртэв. Хоёрдугаар байрт “Chameleon” баг хиймэл оюун ухаанд суурилсан “Adaptive AI Tutor” төслөөр шалгарч, 2 сая төгрөгийн шагнал авлаа. Гуравдугаар байрт “Positive” баг ажил олгогч, ажил горилогчдыг холбох, хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах “HirERP” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Мөн ШУТИС-ийн нэрэмжит тусгай байрт “Blueprint” баг хүнд даацын тээврийн хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг зохицуулах хиймэл оюун ухаанд суурилсан “Golden Road” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртлээ.
“Spark-UB startup town” ideathon нь залуусын бүтээлч санааг дэмжих, технологид суурилсан бизнесийн шийдлийг хөгжүүлэх, Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар цаашид гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, инновацын экосистемийг бэхжүүлэх, залуусын шинэлэг санааг бодит бизнес болгон хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Цаг үе
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байна. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ.
Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:
- ЧД-ийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
- ЧД-ийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
- БЗД-ийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
- ЧД-ийн 18 дугаар хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн суваг
- СХД-ийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
- СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
- ЧД-ийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
- СБД-ийн 15 дугаар хороо, Сэлбэ голын далан
- СХД-ийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллана.
Цаг үе
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.
-
Улстөр нийгэм2021/01/27
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов
-
Цаг үе2020/10/06
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Урлаг спорт2024/01/05
Дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардуулла...
-
Шударга мэдээ2025/12/30
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ
