Улстөр нийгэм
Монгол, Чехийн парламентын гишүүд цахим уулзалт хийв
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр (2021.02.23) Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Даниел Павлас-тай цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Чехийн парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзаж, танилцаж байгаад талархлаа илэрхийлэв. Цар тахлын үед хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, хоёр талын харилцааны уламжлалт, тасралтгүй байдлыг хадгалах, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа шинэчлэн байгуулагдсан Монгол-Чехийн парламентын бүлгийн даргын хувьд Чех Улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдтэй танилцаж, холбоо тогтоох зорилгоор энэхүү цахим уулзалтыг хийж байгаа нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцаа, консулын хөтөлбөр болон тахь нутагшуулах төсөл зэрэг харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсон юм. Эдгээр салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, бодит нөөц боломжид нь хүргэж хөгжүүлэхэд хоёр талаас анхаарч, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Хоёр талын харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих гол механизм болох найрамдлын бүлгүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэх тул цаашид бүлгийн гишүүд илүү ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Улсын Их Хуралд Монгол-Чехийн парламентын бүлэг анх 2000 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентад тус бүлэг 10 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонгогдон ажиллаж байна. БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлэг 9 гишүүнтэй ба бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Даниел Павлас 2018 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна.
Цахим уулзалтад УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Э.Бат-Амгалан, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
