Улстөр нийгэм
Есөн дүүргийн онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө
Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн; хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ ажилд бүх хүчээ дайчлан, зөв зохион байгуулалттай оролцох ёстой. Дүүрэг бүхэнд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан. Мөн шинжилгээний цэг, тандалтын баг, лабораторид ажиллах хүн хүчний судалгааг гаргах, аргазүйгээр хангах бэлтгэлээ түргэн хийж хэрэгжүүлээрэй” гэв.

Мөн тэрбээр бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, хорио цээрийн үед гудамж талбайн хэв журмыг сахиулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгов. Хамгийн гол нь иргэдэд шинжилгээнд хамрагдах өдөр, цагийг мэдэгдэж, идэвхтэй хамруулахыг анхаарууллаа. Мөн нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах бөгөөд, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бага насны хүүхэд асаргаа хамгаалалтгүй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг сануулав.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Шударга мэдээ2021/04/01
ЗГ: Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно
-
Цаг үе2021/08/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2025/05/21
Хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна
-
Улстөр нийгэм2022/12/26
Төв аймгийн Эрдэнэ суманд мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байна
