Шударга мэдээ
Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов.
Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа.
Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой нь өнгөрсөн хугацаанд харагдсан гэж Засаг дарга Д.Сумъяабазар онцолсон. Харин хотын эдийн засгийг өнөөгийн хүндрэлтэй байдлаас гаргахын тулд Улаанбаатар хот санхүүгийн гарцаа тэлж, бие даасан бонд гаргах замаар нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломж бийг хэлсэн юм.
Эдийн засагч Ө.Ганзориг, Н.Энхбаяр нар Нийслэлийн Засаг даргын байр суурьтай санал нийлж буйгаа илэрхийлээд “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийсэнгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж байна” гэсэн юм.
Уулзалтаар мөн хоёр дахь жилдээ танхимын бүрэн сургалтгүй явж байгаа дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа нэг, хоёрдугаар ангийн сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө. Тиймээс нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад тусгайлан танхимаар хичээллүүлэх саналыг эдийн засагч Н.Энхбаяр гаргав.
Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг эхийн оролцооноос ихээхэн хамаардаг учраас эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг өгөхөд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана гэдгийг Засаг дарга онцолсон юм.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Цаг үе2022/11/21
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах аж...
-
Улстөр нийгэм2020/07/16
Тусгай үүргийн онгоц газардлаа
-
Улстөр нийгэм2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
-
Үзэл бодол2020/06/09
Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ
