Улстөр нийгэм
Сү.Батболдыг оффшортой холбон гадны хэвлэл, шүүхийн нэрийг барин гүтгэхээр дахин бэлджээ
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор улс төр улайсч эхлэв. МАН-ын нэр хүндтэй кандитат, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Сү.Батболд руу захиалгат ээлжит гүтгэлэг сошиал орчинд байн байн сэвэгдэх болсон. Улс төрийн зорилго бүхий ээлжит гүтгэлэг нь бүр даамжирч Монгол төрийн үеийн үед хийгдэж ирсэн бүхий л үйл ажиллагаа, уул уурхайтай холбоотой гэрээ хэлцэл болгоныг л ганцхан С.Батболд гэх хүнтэй холбон гүтгэдэг болов. Тухайлбал, Оюу толгойн гэрээ 2009 онд батлагдсан атал 2011 онд Ерөнхий сайд болсон Сү.Батболдтой холбогдуулан гэрээний хэлэлцээнд хууль бусаар нөлөөлж авлига авсан болгон гүтгэв. Муу л бол хар овоохой гэгчээр элдэв болгоныг наасан шар бор мэдээлэл цацуулах сонирхол яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө их байна. Одоо бүр ил цагаандаа гарч шар хүний өмнөөс хар гэгчээр “эзэн”-дээ үйлчилдэг боргодог ноход шиг хэдэн хүн ил гарч ирэн гүтгэдэг болов. Улс төрийн тогоонд чанагдаж ирсний хувьд Сү.Батболд хэрийн худал үгийг үл тоож, үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэх үгийг нэгэнтээ ярилцагадаа дурдсан байдаг. Тэрээр дуугүй л явсаар. Ар хударгаар нь өнөөх гүтгэлэг нь улам төгөлдөржсөөр гэж харагдаж байна.
Энэ удаа ээлжит нэгэн гүтгэлэг болох АНУ-ын Нью-Йоркийн хэвлэл, шүүх хуулийн байгууллагын нэрийг барьсан тамга, тэмдэггүй, блог дээр гарсан зохиомол гүтгэлгийн хариултыг нь баримтаар дурдъя.
Анх Монголын хэвлэлд нэр бүхий улстөрч, улстөрчдийн тухай тун удахгүй гадны сайтад захиалгат гүтгэлэг явагдах нь тодорхой болжээ гэсэн утга бүхий нийтлэл гарсны дараагаар яг л өнөөх гүтгэлэгт мэдээлэл нь цацагдсан байдаг.
Ингээд “АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд УИХ-ын гишүүн С.Батболдын талаар танилцуулагдсан 68 хуудас бүхий тайлан тус хотын шүүхийн албан ёсны сайтад мэдээлэл гарчээ” гэсэн мэдээлэл Монголд цацагдаж эхэлсэн. Гэтэл шүүхийн албан ёсны сайт ч биш блог дээр тавигдсан мэдээлэл байв.
Энэхүү гүтгэлэгт мэдээлэлд гадаадын хэн нэгний 57 сая гаруй ам.доллараар үнэлэгдэж буй түүний итгэмжлэгдсэн хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшдэг, удирддаг эсвэл хянадаг байх гэсэн байдлаар С.Батболдтой холбохыг оролдож, С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эхнэр нөхөр болох БНСУ-ын иргэн Cheong болон Ким бөгөөд тэдний нэр дээр Англи, Хонгонкт байгаа компаниудыг эзэмшдэг гэх мэт утга бүхий ямар ч албан бланк, тамгагүй, фотошопдсон нь илэрхий захиалгат гүтгэлэг бүхий англи хэлээр блог дээр буюу сайтад тавигдсан байв.
Монгол Улсын засаг төрийн нэрийг барьсан гадны ашгийн төлөө хувийн компани УИХ-ын гишүүн С.Батболдын талаар ор үндэсгүй гүтгэлгээр дүүрэн өргөдлийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасны дараа, түүнийг нь Монголд “шүүхийн шийдвэр” мэтээр мушгин тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж нэг үзэв. Өнөөх гүтгэлгээ Монголд үнэн болгож харагдуулах гэж арга ядсан боловч монголчууд улс төрийн зорилттой захиалгат гүтгэлгийн технологи гэж танин үндэсний өдөр тутмын хэвлэл, сайтууд нэг их анхаарч ач холбогдол өгөөгүй байдаг. Тэгээд ч гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өгсөн баримтаас нь үзвэл аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн гадаад бизнесмений ажил хэрэг, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэж оролджээ. Тухайн нэр дурдагдсан бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байхад заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг нь нотлон харуулдаг. Энэхүү “зохиол”-оо Монгол Улсын хуулийн этгээд гадаад улсын шүүхэд өөрийн иргэний талаар маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр анх эхлүүлсэн боловч Монголын төрийн нэр бүхий байгууллагууд С.Батболдыг холбоогүй болохыг нь нотолсон албан бичиг баримтыг гарган өгч, төрийн нэр бүхий байгууллагууд Нью-Йоркийн шүүхэд хандаагүй болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн удаатай.
Нэгэнт л худал гүтгэлэг учраас үнэнд гүйцэгдэж, АНУ-ын шүүх ч үл тоож, С.Батболдын эсрэг шалгах шаардлагагүй гэж үзэн ямар нэгэн шүүхийн маргаангүй гэж үзсэн. Английн хэвлэлд С.Батболд асар үнэтэй орон сууцтай хэмээн өмнөхтэй адил гүтгэлэг бүхий мэдээлэл бас дахин гаргав. Үүнтэй холбогдуулан С.Батболд болон түүний хамаарал бүхий аливаа хувь хүн, хуулийн этгээд тус улсад болон өөр гадаад улсад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй болохыг хариуцлагатайгаар албан баримттайгаар мэдэгдэж няцаасан юм. Яг үнэндээ Нью-Йоркийн гэх өнөөх гүтгэлгээ Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн холбооны нэрийг барьсан гадны хувийн хөлсний мөрдөгчөөр хийлгэсэн ба Сү.Батболдын нэрийг харлуулж олон нийтэд муухай харагдуулах гэсэн ядмагхан зорилготой аж. Тэр хүнийг ажил алба эрхэлж албан тушаал хашиж байсны хувьд, төрд ажиллаж буйн хувьд ямар нэгэн уул уурхайн гэрээ, хэлцэлтэй л нааж холбох чухал гэдэг нь энэ бүхнээс харагддаг. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн гэрээ нь ч байна уу хамаагүй аль бүгдтэй нь нэрийг нь холбож, оффшор гэх нэрийг С.Батболдод зүүлгэх сонирхол асар их бий гэдэг нь “үнэртдэг”.
С.Батболдыг Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо юм. С.Батболд төрд ажиллахаасаа өмнө Монголын топ бизнес эрхлэгчдийн нэг байсан. Ганзагын наймаанаас нэгэн ижил гараанаас эхэлсэн бизнесмэнүүдийн нэг. Зах зээлийн нийгэм эхлэх үед өөрсдийн мөнчгөрөөр өсч өндийсөн бизнесмэний нэг. Биеэ засаад төрөө зас гэх үгээр С.Батболд боловсрол, эрдэм чадлаараа шигшигдэж төрд хожмоо орж ирсэн хүний нэг.
С.Батболдтой оффшор гэх үг яагаад холбогдох болов гэхээр аль 2003 онд байгуулагдсан ‘Бату Майнинг’ ХХК гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан түүхтэй. ‘Бату Майнинг’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 онд С.Батболд энэхүү компаниас гарсан байдаг. Үүнээс хойш С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байдаггүй. Энэ тухай хангалттай баримт нотолгоо бий. Монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан хэрэг. С.Батболд болон түүнд харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдэг нь баримт, нотолгоотойгоор байтал 18 жилийн дараагаар буюу одоо түүнийг оффшорто холбон гүтгэх сонирхол хэнд байна вэ гэдэг нь анхаарал татна. С.Батболд өөрөө ч үүнийгээ баттай ноттой батлан хэвлэлд нээлттэй ярьсан байхад өнөөх гүтгэлэг үргэлжилсээр байна. Гүжир үгэнд сөөм хариу байдаггүй гэгчээр худлыг үнэн болгох гэж олон мянга давтан нийтэд хүргэвэл үнэн мэт итгэл төрөх байх гэж өнөөх захиалагч нэгэн бээр гүтгэлгээ цааш улам үнэмшил төрүүлэхүйц болгон явуулсаар байна.
Саяхан улстөрч Э.Бат-Үүл “Олны тархийг угаан шүүн хилсдүүлдэг ээлжит дайралт МАН-аас Ерөнхий сайд асан Сү.Батболд нар руу чиглэв. Эхний хэсэг хууль бус шүүгдсэн нь илчлэгдээд гарч байхад” хэмээн жиргэжээ. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Иймэрхү зохиолд итгэхээ байсан. Энэ үгийг өнөөх гүтгэлэг явуулахыг шаардаад, ээлж дараатай явуулахыг үүрэгдээд байгаа нөхөрт дуулгая. Тэгээд ч дараагийн гүтгэлгийг өнөөдөр дахиад л хэвлэлийн хурал хийх хэлбэрээр хүргэхээр зэхэж. Бүхэл бүтэн намын нэр барьж баайгаад ярих юм гэсэн. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнийх үү? Одоо хэн, хэн ил гарч ирэн зохиомол гүтгэлэг хийхийг нь харцгаая. Яг өнөөдөр ээлжит гүтгэлгээ зохиолын дагуу хүргэх юм гэсээн.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
-
Улстөр нийгэм2019/07/08
“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн ху...
-
Шударга мэдээ2022/06/10
Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оногдууллаа
-
Улстөр нийгэм2024/07/30
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт бо...
-
Шударга мэдээ2026/04/29
“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
