Цаг үе
ДЭМБ коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.
Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) 2021 оны 1-р сарын 5-ны өдөр хуралдаж энэ вакцинийг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.
Эх сурвалж: www.who.int
Цаг үе
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Цаг үе
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.
Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.
Цаг үе
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.
Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.
Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.
- Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
- Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
- Скүүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
- Явган хүний зам дээр скүүтер, мопедоор зорчихгүй байх,
- Скүүтер, мопедыг зориулалтын газарт байрлуулах,
- Скүүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.
-
Цаг үе2020/02/17
Хятад даяар сургууль орох хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргажээ
-
Шударга мэдээ2019/12/31
21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
-
Цаг үе2024/09/19
ЗГ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-...
-
Цаг үе2025/02/10
“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмадууд дахин хүсэлт гаргах шаардлагагүй
