Улстөр нийгэм
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг дээрх төслийн анхны хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулсан байна. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Үндэсний аудитын газраас төсөлтэй холбоотой саналуудаа ирүүлсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулав. Түүнчлэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн ажлын хэсэгт ирүүлж, тухай бүр хэлэлцүүлж байсныг дурдав. Тус бүлгээс төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан завсарлага авсантай холбогдуулаад ажлын хэсэг өнөөдөр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хуралдан, зарим асуудлыг зөвшилцсөн гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 5 удаа хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн 50 орчим саналын 40 гаруйг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн 30 гаруй саналыг 23 саналыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 6 багц саналаас 5-ыг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн 25 саналаас 24-ийг, Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн 5 саналаас 3-ыг, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 11 саналаас 5-ыг, Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн 5 саналаас 3-ыг, Үндэсний аудитын газраас ирүүлсэн 14 саналаас 8-ыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд зохих боловсруулалтыг хийж, зарчмын зөрүүтэй 71 санал, найруулгын 3 багц саналыг боловсруулсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлаас 2019 оны 12 сарын 20 өдөр баталсан Монгол УИХ-ын сонгуулийн тухай хууль, 2020 оны 01 сарын 30 өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарчим, нэр томьёо, найруулгад нийцүүлэх зорилгоор зарим саналын томьёоллын боловсруулсан байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлж, ажлын хэсгийн дэмжсэн зарим саналаас дурдвал сонгогч саналаа өгснийг илтгэх бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчдын мэдээлэлтэй эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсэг бүрд өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор, санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч овог, нэр, регистерийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг нь тэмдэглэсэн цахим, цаасан архив үүсгэх талаар төсөлд тусгажээ. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хэвлэх, хүргүүлэх, өөрчлөхөд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой гэх зэрэг Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн олон саналыг ажлын хэсгийн дэмжин, төсөлд тусгах чиглэлээр ажилласан гэв.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-д заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн 3 дугаар зүйлд “3.1.11.“эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;”, “3.1.12.“цахим хуудас" гэж бүх төрлийн контентыг интернетийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг.” гэсэн агуулгатай 3.1.11, 3.1.12 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь 84.6 хувиар дэмжсэн. Төслийн 4 дүгээр зүйлд “4.5.3.нэмэлт санал хураалт гэж энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу явагдах санал хураалтыг.” гэсэн агуулгатай 4.5.3 заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг дэмжив. Төслийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн “жагсаалтаас өөрт нь холбогдох” гэснийг “жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчдын” гэж өөрчлөхийг, төслийн 19 дүгээр зүйлийн 19.6.7 дахь заалтыг хасахыг, мөн зүйлийн 19.10 дахь хэсгийн “тамгын газрын байранд” гэсний дараа “итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж" гэж тус тус нэмэхийг дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн 19 дүгээр зүйлд “19.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг нэмж, дугаар өөрчлөхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
Төслийн 33 дугаар зүйлд “33.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт нэмэхийг гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн бол, 35 дугаар зүйлд “35.11.Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх буюу 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэсэн агуулгатай 39.3 дахь хэсэг нэмэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь 81.8 хувийн саналаар дэмжлээ. Төслийн 40 дүгээр зүйлд “40.27.Нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэсэн агуулгатай 40.27, “40.28.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.” гэсэн агуулгатай 40.28 дахь хэсэг нэмж, холбогдох дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

Түүнчлэн төслийн 41 дүгээр зүйлд “41.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно; 41.12.Энэ хуулийн 41.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 41.11, 41.12 дахь хэсгийг нэмэхээр шийдвэрлэлээ.
Төслийн 52 дугаар зүйлд “52.6.Энэ хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй намыг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн агуулгатай 52.6 дахь хэсэг нэмэхийг, 55 дугаар зүйлд “55.12.Энэ хуулийн 55.11-д заасан хяналтын камерыг санал авах байранд сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулах боломжит байршилд байрлуулах бөгөөд камер нь дуу болон дүрс бичлэгийн хувьд шаардпага хангасан байна; 55.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч батална.” гэсэн агуулгатай 55.12, 55.13 дахь хэсэг нэмэхийг дэмжив.
Ийнхүү төслийн 80 зүйл тус бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Түүнчлэн найруулгын саналаар, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мөн зүйл бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Улстөр нийгэм
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Улстөр нийгэм
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ.
Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.
Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.
Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав.

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров.

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.
Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.
Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.
“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.
Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.
“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.
ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Олон улсын болон дотоодынх нь зах зээлд нийлүүлэлт доголдолтой хэдий ч ОХУ-ын тал шатахуун нийлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.
Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.
Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
-
Үзэл бодол2020/02/21
Цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна
-
Улстөр нийгэм2020/12/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, яд...
-
Улстөр нийгэм2023/08/28
Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг шинэ автовокзалаас үзүүлж эхэллээ...
-
Шударга мэдээ2024/02/20
Шуурхай ажлын хэсгүүд авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна
