Шударга мэдээ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНСУ-ын Наксен хоршооны дарга, төлөөллийг хүлээн авч уулзав
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан 2019 оны 5 дугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирон урисаны дагуу тус хоршооны дарга CHUNG JAE YOUNG Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр /2019.07.31/ зочиллоо.
Уулзалтад Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Г.Хүрэлсүх, Жавхлант шарга хан хоршооны гүйцэтгэх захирал Р.Гантулга, БНСУ-ын талаас Наксен хоршооны дарга болон хоршооны албаны хүмүүс болох Chung Jae Young, Lee Ra, Park Gun Hui, Yoo Seok Sun, Ban Jung Sam, Kim Su Kho, Yu Jae Young нар байлцлаа.
Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил, Сүхбаатар аймгаас аймаг, сум, хоршооны ерөнхий мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэж тогтлоо.
Наксэн хоршоо нь Монгол Улсад “Загвар хоршоо” байгуулахад хууль эрх зүйн зөвлөгөө, хоршооны хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан уулзалтанд оролцогсдод хандан Монгол Улсын Засгийн газар болон тус яамны зүгээс энэхүү хамтын ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно гэж мэдэгдлээ.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Цаг үе2022/11/07
Хятадын Олон улсын импортын экспо арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцо...
-
Улстөр нийгэм2025/04/22
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2020/10/27
ХХААХҮЯ мах экспортлогч компаниудад "Нэг цэг"-ийн үйлчилгээ үзүүлж бай...
-
Цаг үе2020/11/24
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
