Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Мөнхийн дуудлага буюу хос дэнс

Огноо:

,

Сэтгүүлч Надмидцэрэнгийн Туяа

Анхаараарай, анхаараарай!

Хүн тээгч, хөгжлийн ачаа үүрэгч, төмөржсөн эриний бэлгэдэл, түргэн галт тэрэг дуут дохио хангинуулсаар ирж явна. Амьдрал бол хөдөлгөөн, айсуй галт тэрэг шиг яаруу.

Л.Н.Толстой “Анна Каренина” зохиолоороо Оросын уран зохиолд “Галт тэрэг ба үхэл” сэдвийг оруулсан гэх. Зохиолч өөрөө  галт тэрэгний буудал дээр насан эцэслэсэн бөгөөд  амьдралынхаа сүүлийн жилүүдэд дорно дахины гүн ухааныг шимтэн судалж, сэтгэлийн амар амгалан, туйлын үнэнийг хайсаар байжээ. Энэ эрэл хүн төрөлхтний мөнхийн дагуул. Түрүүлж сэхээрэгчдээс хариулт нэхэн шаналгадаг үүрдийн асуулт.

“Би хариулъя!” гэж зоригтой дуугарах цөөхөн хүнийг цаг үе нь, газар орон нь, ард түмэн нь төрүүлдэг тэнгэрийн хишигт талархнам.

Асуултын хариу болгож, Аннаг хөтөлсөөр найруулагч Наранбаатар ирж явна.

Тахлыг давсан жүжиг

Дүрэмт хувцас нь хуучирсан, ширвээ сахалтай шуудан зөөгч малгайгаа аван мэндчилээд, эгэлдрэглэн үүрсэн том цүнхнээсээ шаргал  дугтуй  гаргаж өгөв. Дугтуйнд ганц үр байлаа...

Тайлж тайлбарлахын аргагүй ийм зүүд найруулагчид арваад жилийн өмнө иржээ. Тархиндаа үндэслүүлж, бодолдоо ургуулж явсаар, орчуулагч Н.Пүрэвдагвад санал тавив. Наранбаатарын онцолсон гол зөрчил, улаан шугам, өөр өнцөг, дүрийн өгүүлэмж,  санаа зорилго шингэсэн, гурван  эхээс хянан орчуулсан 2 бүлэг, 25 үзэгдэлт “Анна Каренина буюу бүтэлгүй хайрын дууль” жүжгийн зохиол 2018 онд найруулагчийн гар дээр ирлээ. Төдий том хэмжээний романыг түүвэрлэн, цөм агуулгыг барьж хөрвүүлнэ гэдэг тун амаргүй. Нэгэнт энэ давааг давсан хойно драматургийг зохих байранд урлан шигтгэж, “долоо хэмжсээр” 15 үзэгдэлт найруулагчийн зохиол бэлэн боллоо.

Оросын Тула мужийн “Ясная Поля¬на” эдлэн. Лев Николаевичийн төрж өссөн, туурвил бүтээлүүдээ бичиглэсэн тэмдэгт газар. Өндөр өвгийнхөө  гэр му¬зейн эрхлэгчээр ажиллаж асан, дөрөв дэх үеийн В.И.Толстой 2008 онд Монголд зурвасхан ирэхдээ “Би энд ирэхийг мөрөөдөж байсан” хэмээжээ. Үүнээс 11 жилийн дараа Монголын УДЭТ-ын “Анна Каренина” жүжгийн баг хамт олны төлөөлөл алдарт зохиолчийн төрөлх нутгийг зорин очив. Найруулагчийн нүдэнд туссан нь зүүнтээ залсан Будда болон судрууд.

“Хөрөг зураг, хүрэн улаан жаазнууд, хүн хүний онцгой дүр. Орос орон бол хөрөг юм”.  Нөхдөөсөө холдон нуурын эрэг дээр ганцаар суухдаа өөр юу бодож, ямар мэдрэмж тээсэн бол?  Намрын нуур, намрын салхи... Намрын шим Наранбаатар найруулагчийн онгод хөгийг оргилуулдаг гэнэм. Олз омог дүүрэн аяллаас тэд ирээд үйлдвэр техник, тайзны сургуулилт өрнөлөө.

2020 оны хоёрдугаар сар.

Жүжгийг уран сайхны зөвлөлөөр хянуулан хэлэлцүүлэв. Сайшаал шүүмжлэл, айдас эргэлзээ аль аль нь байлаа. “Зоригийг чинь үнэлж байна. Гэхдээ чи галаар наадаж байна шүү!” гэсэн анхааруулга ч сонслоо. Аргагүй дээ, зуугаад жил дэлхийн цараатай томоохон театрууд, дэлгэцнээ янз бүрийн хэлбэрээр хэдэн арван удаа тавигдсан алдарт “Анна Каренина” юм чинь.

“Гал аюултай, гэхдээ галыг бас эрхшээж болно”. Найруулагч Наранбаатарын авьяас, ур чадвар, туршлага тэмүүлэл, цогтой энэ үгэнд театрынхан, уран бүтээлчид, зөвлөлийнхөн ч бүрэн итгэсэн юм. Жүжиг үзэгчдийн хүртээл болтлоо хичнээн олон хүний хүч хөдөлмөр шингэж, цаг хугацаа, саад бэрхшээл туулдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй. Тэр дундаа ахмад, дунд, залуу үе, оюутнууд нэгдсэн 70 гаруй уран бүтээлчдийн ансамбль, гэрэл, тайз, маркетинг гээд арын албаны өргөн бүрэлдэхүүнтэй том  бүтээлийн ард юу эс өрнөх...

Найруулагчийн онож харсан гол дүрийн нэгэн жүжигчин театраас гарсан, гэрлийн төхөөрөмж хэдэнтээ шатсан, халаалтгүй хүйтэн, ханиад томуу элбэг, жүжигчдийн эрүүл мэнд барагтай, үүр цайтал ажилласаар байсныг тэд үнэндээ тоодоггүй юм билээ. Харин театр нээгдэхгүй, уран бүтээлээ үзэгчдэд хүргэхгүй удсандаа л шаналж, тэсэж ядан хүлээсэн. Бэлдсээр, сайжруулсаар, дахин хянаж, нягталсаар...

Эрх чөлөө ба эсрэг биш эсрэг 

2020 оны аравдугаар сарын 3.

УДЭТ. Хонх гурвантаа цохиж, хөшиг нээгдлээ. Цар тахлыг давж, цаг улирлыг тоолсоор, “илүү тээлттэй” Анна ингэж Монголд мэндлэв.

Энэ жүжгийн дүрүүд, үзэл санаа, тавилт ч, тайз ч үзэгчдэд бодол төсөөллийн эрх чөлөөг олгосон, нэг асуултад олон хариулт өгч болохоор ухаалаг бас сонин. Гол дүрээ хоёр, гурав, магадгүй түүнээс олон Аннагаар илэрхийлсэн нь бодитой бас хийсвэр, үзэгдэх ба үл үзэгдэх, хуучин бас шинэ.

*Алексей Александровичийн эхнэр, Серёжа хүүгийн ээж Анна Аркадьевна.

*Хайр дурлалын өмнө нүцгэрч, Вронскийн “бийрээр” дахин төрсөн шинэ бүсгүй.

*Алексей Крыловичид ухаангүй дурлаж,  охин төрүүлсэн ээж.

*Төрөх, үхэх зэрэгцэн хаалга тогшиход, гэмшил уучлал эрэн, хоёр эрийн дунд “цовдлогдсон” үйлийн үр.

*Баталгаагүй гэр бүлд төрсөн, ирээдүй нь бүрхэг бяцхан Анна. Хэдийгээр жүжигт биеэр харуулаагүй ч, үйл явдлын нэгэн гогцоо, аврал бас дөнгө мэт хамгийн гунигтай дүр.

*Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, сонголтын төлөө, хүчирхийлэл гадуурхалд цэг тавихыг хүссэн тэмцэгч.

*Дотоод хүн буюу хувь заяа хэмээгч Анна.  Энэ дүрийг толины тусгал, хүсэл, хойд нас, тэнгэр элч, бүр хорон санаа гэж ч харж болохоор.

Тайзан дээрх гурван Алексей  зургаа  болоод төсөөлөлд тань хөлхөж байж ч мэднэ. Нэг хүнээр илэрхийлсэн энэ  дүрүүд үзэл санааны улаан шугамыг тодотгож,  олон ургальч сэдлээр тунгаан шигшихэд чиглүүлжээ.

Энэ жүжгийг үзсэн хэн бүхэнд сонирхон сонжсон, өлгөж цохсон, ухаж түншсэн, ухаарч ойлгохын төлөөх асуулт, хариулт байгаа бол зорилгын сум чухам байгаа оносон гэлтэй.

Хар хүрэм, тортой хар малгай духдуулсан ихэмсэг Анна, цав цагаан даашинзтай гэнэхэн Анна, олны дунд онцгойрон бүжих, тас хар хун мэт гоо Анна... Наранбаатарын хоёр өнгө, эсрэг биш эсрэгийн хослол энэ бүтээлд илтэд шингэжээ. Хайр харуусал, үнэн худал, бурхан чөтгөр, сүнс махан бие, цас бороо, өдөр шөнө, төрөх үхэх...Эхлэлээс төгсгөл хүртэл таныг дүүжин савлуурт “тарчлаана”. Жүжгийн дараа ч тархи, зүрх хоёр чинь зөрж лугшиж мэднэ. Нэг нь үгүй бол нөгөө нь үл орших эсрэг тэсрэг, хоёр тал, хос нэгдэл, арга билгээр хоймсуулан сүлжсэн найруулагчийн ур энд буй.
Тайзнаас бүх зүйлийг бодитоор харуулж, гарцаагүй хариулт өгөхөөс татгалзаж, хүмүүст өөрийнхөөрөө дүгнэх эрх олгохын сацуу мөн үүрэг хүлээлгэж чаджээ. Нийгэм, цаг үе ч биднээс сонголт шийдвэртээ хариуцлагатай, үнэнч байхыг шаардаж байгаа билээ.

Найруулагчдын сонгодог хүүхнүүд

Бүсгүй ертөнц гэдэг урлагийн халуун сэдэв. Театр, тайз гоо үзэсгэлэнгээр гэрэлтэж, үзэгчид харж таашаахуйн хүслээр зорин, догдлон ирдэг.   Олон давхар оньсон цоожтой “бүсгүй гэр” ур эв, ов ухаан, омголон бадрангуйд нээгддэг. Үе үеийн найруулагчдын бүтээхийн шунал, бардам зан, хүсэл аазгайг хөдөлгөж байдаг нууцлаг бөгөөд сонгодог хүүхнүүдийг тэд өөрийнхөөрөө урласан байдаг. Түүх сөхье.

1984 он.

Дэлхийн олон оронд 150 шахам жил үзэгчдийн оюуны соёлыг арвижуулсаар ирсэн Норвегийн зохиолч Г.Ибсений “Нора” жүжгийг найруулагч Г.Доржсамбуу  өвөрмөцөөр тавьж, Монголын театрын урлагт сонгодог жүжгийн шинэ арга дэгийг бий болгожээ. Жүжиг эхлэхэд Нора жижигхэн гурвалжин дотроос гарч ирдэг. Тайзаар тусгаарлагдсан жүжигчний тоглолтыг үзэгчдэд ойртуулж, “хана нураах” шинэ төлөв хандлагыг ийн эхлүүлсэн.

“Бид гэрлээд найман жил болсон ч анх удаа чин сэтгэлээсээ ярилцах гэж байна. Чи намайг хайрладаггүй.  Бүх зүйлийг өөрийнхөөрөө л хийдэг. Би чамайг ердөө л хөгжөөх үүрэгтэй” гэж Нора нөхөртөө хэлдэг. Үйл явдал өрнөсөөр тайлал нь гэрээсээ явахаар шийдэж буй  бүсгүйн тэсрэлт байв. Жүжгийн тайз, орчны шилжилт, эргэлдэх шооны шийдлүүд нь найруулагч, зураач хоёрын /Г.Доржсамбуу, Б.Төмөрхуяг/ эвсэг хамтрал, “өгч авах” мэдрэмжээр амилан босжээ. Норагийн дүрийг бүтээсэн Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд  “Би Норад тоглосноор амьдралын хийгээд мэргэжлийн ур чадварын бас нэгэн их сургууль төгссөн. Жүжиг тухайн үедээ дуулиан тарьж, эрэлт хэрэгцээт бүтээл болсон юм” хэмээжээ.

2020 он.

Л.Н.Толстой “Анна Каренина”-гаа мөн өдгөөгөөс 150 жилийн тэртээ зохиосон бөгөөд найруулагч Н.Наранбаатарын бодит ахуйгаас хийсвэр сэтгэхүйд шилжсэн, шинэ сонин арга барилаар амилан жүжиг болов. Үндсэн чигийг орчин цагийн сэтгэл зүйн драм руу татаж, шилжилт хийсэн гэж болохоор.

Жүжиг эхлэхэд дөрвөлжин толины өмнө хоёр Анна зогсоно. Үзэгчдийг  толины тусгалаас өөрийгөө  олж хараасай гэж хүссэн мэт. Гэрлээд мөн л найман жил болж байгаа Анна, Долли нарын зовлон, тэвчиж тэсэж өнгөрүүлсэн амьдрал. Нийгэм, хууль, зэрэг зиндаа, ёс суртахуун гэх нөмрөг доорх хүлээс гинж, эрхээ эдэлж, хүслээ биелүүлэх төлөөс, чөлөөлөгдөхүйн золиос. Энэ бол бүсгүйчүүд бидний төлөө дуугарсан уран бүтээлчийн эмзэглэл. Маш цомхон минимал тайзанд хөшиг, гэрэл, хаалга, цаг, хөрөг зураг өөрийн орон зайндаа. Нүсэр эд хэрэгсэлгүй, амьд тайз буюу хүнээр илэрхийлсэн зоригтой өөрчлөлт, өнгөний тоглолт, гэрэл сүүдрийн тусгал  найруулагч, зураач хоёрын /Н.Наранбаатар, Т.Ганхуяг/ ур, санаа нийлсэн шинэ туршилт мөн.

1984 ба 2020. 36 жилийн дараах жирийн бус давхцал. Нэг нутаг усаар овоглодог, эрдмийн театрын өв залгамжлагчдад үргэлжлэх холбоо, үелзэл хэмнэлийн огтлолцол, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран  нэг дуудлага, нэг хараа байх шиг санагдана. Энэ тухай театрынхан ч ярьдаг, Наранбаатар ч үгүйсгэдэггүй билээ. Аннагийн дүрийг бүтээсэн СТА Н.Баярмаагийн театрт бүтээсэн анхны дүр нь шинэчлэн тавьсан “Нора” жүжгийн гол дүр байсанд одоо гайхах зүйл алга. Бас Сувд багшдаа /анхны Нора/ нууцлаг гол дүрээ зориулан өгсөн найруулагчийн өглөгт талархаж байна. Доржсамбуу найруулагч Нораг “Хүүхэлдэйн байшин”-д хорихыг хүсээгүй шиг, Наранбаатар найруулагч Аннаг үхлээс аварчээ. Тэд эмэгтэй хүнийг хайрлаж, өмөөрч чанга дуугарчээ.

Наранбаатарын өрөг

2020 оны аравдугаар сарын 31.

УДЭТ-ын уран бүтээлчид “Анна Каренина” жүжгээ сарын турш 28 удаа тоглож, 160 мянга гаруй үзэгчдэд хүргэлээ. “Энд одоо, өнөөдөр үзэгчдийн амталж байгаа сэтгэл хөдлөлийг өөр юугаар ч сольж орлуулах арга байхгүй” хэмээн аугаа К.С.Станиславский дуу алдсан. Нээрээ л, юугаар, яаж орлуулах вэ дээ? Баганат байшингийн шатаар өгсөж, том хүнд хаалгаар ороод л өөр ертөнцөд ирсэн мэт. Улаан сандал, улаан хөшиг, удаан хүнгэнэх хонхны цуурай. Би театрт жүжиг үзэж байна...

*Алдаа онооны хос зам өмнө дурайж, сануулга мэт галт тэрэгний дохио чихэнд хадаж, ариулах мэт цагаахан цас бударч, амьдралыг таллан хуваах мэт “агааран хана” зааглана /хар, цагаан хөшиг, хиймэл цас, гэрэл, шум, хөгжим/

*Стивагийн овжин заль мэх, тогтворгүй байдал, Левиний өөртөө итгэлгүй зан, нийгэмтэй зөрчилдөх байдлыг эсрэгцүүлэн, хошин байдлаар үзүүлсэн нь энэ хүнд жүжгийн салхивч мэт /хувцас, биеийн хэл, дуу хоолойны өнгө, хөдөлгөөн, шум, гэрэл, жижиг хэрэглэл/

*Аннаг өөр эртэй дотно байгааг харсан Каренин  эхнэрээ бүжгэнд урих боловч, зүрхний хэмнэл, сэтгэлийн долгион эвлэхгүй, цааш ганцаар бүжиглэнэ /харц, нүүрний хувирал, хөдөлгөөн, хөгжим, гэрэл/

*Морин тойруулга, уралдааны талбар. Морь-хүүхэн, эрчүүдийн зугаа, хүн-мал, нийгмийн гажуудал /хувцас, хөлийн товшилт, авиа аялга, арын сүүдэр ший/

*Анна, Доли, Кити. Агуулгын гурван салаа, гурван дүрийн амьдрал ба хувь заяаны өгүүлэмж /шар, цагаан, улаан  жаазнууд, гурван сандал, хөдөлгөөн, зургаан үг, хөгжим/

Театрын бүтээл хөгжим, хөдөлгөөн, гэрлээр  нүд чихний баясгаланд хөтөлдөг. “Анна Каренина” жүжигт  эдгээр нэгдлүүд хоршин найрч, нэгэн цул болжээ. Тайз, техник орчин үеийн шаардлагаас хоцрогдсон, шинэчлэх шаардлагатай байгаа. Мэргэжлийн ажилчид хүрэлцээгүй, гэрэлтүүлэгт л гэхэд зургаан хүн “дөрвөн мөчөөрөө” ажиллаад ч цөөддөг.

“Жүжгийн 70 гаруй хувьд массын хөдөлгөөн зонхилж, утга хөдөлгөөний солбицол неоклассик бүжгийн төрөл ба биомеханикийг хослуулсан” гэж бүжиг, хөдөлгөөний найруулагч Д.Энхбаатар онцолсон. Дэлхийн хүмүүс ойлгох глобаль хөгжмийг голчлон 20 гаруй хөгжим бичиж, даяараа мэдэх шилмэл танил аялгуунаас ашигласан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын шийдэл ч зөвхөн Монголдоо бус, Орос болоод дэлхийн тайзнаа тэмүүлэх найруулагчийн том зорилгод нийцэж байна. Жүжигт нийгмийн тусгал, орчин цагийн шинэ хандлага, бэлгэдэл ба ёр цээр, уламжлалт сэтгэлгээ, шашин, гүн ухааны ойлголтууд ч багтсан.

Бурхан хүнийг гайхамшигтай бөгөөд аймшигтайгаар бүтээжээ. Аймшигтай байдгийн үр нь муу үг ба бодол.  /Аннаг  хүмүүс хорт хэлээрээ сүлбэсэн/
Гайхамшигтай байдгийн учир нь хайр. Хүн насан туршдаа Бурхан ба хайрыг тус тусад нь эрж хайдаг. Угтаа Бурхан бол хайр гэдгийг эрт ухаарч, эрлээ нэгтгэвэл  амьдрал үл дуусах ч юм бил үү? Бүгд гэм зэмтэй ч хайр түүнийг далдалдаг. /Анна  хайраар зөвтгөгдөнө/

Хайр бол мөнхийн дуудлага, хүмүүний дэнс. Энэ дэнсэнд та бид тэнцэх эсэхээ одоо нэг шалгахад гэмгүй.

Тайзыг шатрын хөлөг гэвэл найруулагч бидэнтэй “зэрэг тоглолт” хийлээ. Түүний нүүдлийг бид өөр өөрийнхөөрөө төсөөлж байсан. Тэр “мастер тоглогч” гэдгээ дахин батлав. Тулааны талбарт олон дайсан байлаа ч, өөрийгөө ялах нь хамгийн том ялалт. Өөрчлөгдсөн, шинэ Наранбаатарыг бүтээнэ гэдэг бас эрсдэлтэй. Чансаатай шатарчин өрсөлдөгчөө хөгжүүлж байдгийн адил чанартай уран бүтээлээр үзэгчдийн ухаан сэтгэхүйг тэлэх нь найруулагчийн үүрэг гэдгийг тэр эрт ухаарсан. Гурван цагийн өрөгт Наранбаатар биднийг алсын хараатай, уран нүүдлүүддээ уяж хожлоо. “Санасандаа хүрч чадав уу?” гэхэд “70 хувь” гэж хариулсан. Тэр хийсэндээ ханаж бардсангүй.

2020 оны арван нэгдүгээр сарын 12.

Монгол улсын мэргэжлийн театрын урлагийн эх үүсгэл Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ  89 жилээ угтаж байна. Ачаагаа дэнхийтэл үүрсээр эрдмийн театр оршин байна. Алга ташилт, атаа бартаа дундуур Наранбаатар  найруулагч  бүтээсээр явна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох