Цаг үе
Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.
Энэ сард Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр мөн Сэлэнгийн нутаг, Төвийн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутгаар буюу Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь- Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох бол, говь талын нутгаар буюу Өмнөговь, Дорногвийн ихэнх, Сүхбаатарын зарим сумдын нутгаар харьцангуй бага цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн үеээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, агаарын температур өмнөх үеэсээ хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зургийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Цаг үе
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Шударга мэдээ2020/01/07
Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад арга хэмжээ авна
-
Цаг үе2020/01/27
Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй...
-
Цаг үе2019/07/08
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/07/28
ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ
