Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Огноо:

,

Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтанд хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ юм. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Тасгийн дарга Я.Энхбаясгалан, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг эрхлэх газрын Сургалтын төвийн захирал Шинь Ин Жэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Гвон Жүн Гю болон албаны бусад хүмүүс оролцов.


БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд ихээр өртөж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа билээ. Зөвхөн сүүлчийн 2019~2020 оны байдлаар гэхэд л ажлын байран дээрх үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан  нийт 403 Монгол улсын иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345 371 476 воны нөхөн олговор олгуулаад байна. БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах энэ осол гэмтлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн холбогдох удирдлагуудтай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хийн Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Үүний үр дүнд тус хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн төсвөөс санхүүжүүлэн гадаад иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах төсөлт ажлыг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр ийнхүү албан ёсны баримт бичиг болж үзэглэгдэж байна.



Төвийн дарга Д.Баярмандах гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ “Манай залуус ажил амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролтой болох, мэргэжил технологи сурч судлах, БНСУ-ын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн шилдэг иргэн болохын тулд Солонгос орныг зорьж, тэмүүлж ирцгээдэг. Одоо ч гэсэн ирэх хүсэл дүүрэн мянга мянган залуус нааш тэмүүлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдрахаар тэмүүлж ирсэн эдгээр залуусаа, монгол иргэдээ амар амгалан, аюул осолгүй, эрүүл саруул байлгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-тай хамтран хийхээр болж буй нэгэн томоохон ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна” гэж гэрээний ач холбогдлыг онцлон хэллээ. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын дарга Шинь Ин Жэгийн хэлснээр тэрээр сургалтын хүрээлэнгийнхээ баг бүрэлдэхүүний хамт Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнгөрсөн хоёр жилийн дотор хоёр удаа очиж уулзалт хэлэлцээр хийн сургалт зөвлөгөөг зохион байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн талбарт хөлсөө урсган ажиллаж буй монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бид хамтдаа хичээн зүтгэж ажиллах боломж улам нэмэгдэж байна гэжээ.



Мөн энэ өдөр тус гэрээний дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх гурван төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдсанаар Төвийн мэргэжилтнүүд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэддээ үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж сургалт хийхэд илүү нарийн мэргэших юм.




 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох