Улстөр нийгэм
Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзав.
Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв. Дэлхийн Улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ. Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж бйах явцдаа хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100.000 төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг зориуд тэмдэглэн хэлье гэв.
Улмаар НҮБ-аас нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенс, Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга К.Ишикава, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Туслах суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь үндэсний хөтөлбөрийн менежер В.Лютенко зэрэг хүмүүс оролцов.

Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
