Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.

Улстөр нийгэм
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улстөр нийгэм
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
Улстөр нийгэм
Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон иргэдэд танилцуулж байна.
Ногоон бүсийн нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон ажиллаж байгаагаас нийслэл таван павильонд таван үндсэн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө дэлгэн үзүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг танилцуулж байна.
Мөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ногоон эрчим хүчний төслүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр COP17 нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хотын хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохыг урьсан байна.
Нийслэл эдгээр төслөөр дамжуулан түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатарыг аюулгүй, ногоон хот болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.
-
Цаг үе2020/06/08
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2019/06/27
Өмнөговь аймгийн төвийн авто замын ажил 90 гаруй хувьтай байна
-
Цаг үе2025/10/15
Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
-
Цаг үе2023/10/13
"Нэг сум-нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд 215 нэр төрлийн бааа б...
