Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.

Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг өглөө.

Цэцэрлэгийн “Цахим бүртгэл” 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэлх хугацаанд явагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.

Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус үйлчилгээнд гарч сурагчдад үйлчинэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа

Огноо:

,

БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33  настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг  оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах,  гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм.

Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернет банкинд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ харилцан нотлов. 

Энэ хүрээнд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байгааг онцоллоо.

Монгол Улс, АНУ-ын харилцаанд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын усны хангамж 80 хувиар нэмэгдэх хоёр дахь Компакт гэрээ онцгой байр суурь эзэлдгийг талууд тэмдэглээд, уг төсөл амжилттай хэрэгжиж энэ оны 3 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид манай улсын стратегийн ач холбогдолтой салбарт дахин шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц, бололцооны талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Огноо:

,

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй. Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх "Амар байна уу" үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Анх варень үйлдвэрлэж эхэлж байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, ааруул, аарц, өрөм, хайлмаг зэрэг цагаан идээгээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмсэн. Чихэртэй, чихэргүй 10 төрлийн ааруул зарж байна. Сүүлийн 10 хоногт борлуулалт эрс нэмэгдсэн. Сар шинийн баяр дөхөж байгаа болохоор тавгийн ааруул их авч байна. Нийслэлээс дэмжиж, лангууны түрээс төлөхгүй байгаа учраас иргэдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байна. Мөн бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдийн сэтгэгдэл эерэг байна. Гадуур түрээсийн төлбөртэй үзэсгэлэнгүүдийн бараа өндөр үнэтэй байна гэж худалдан авагчид хэлж байгаа. Ийм боломж олгосон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархаж байна” гэв.

Архангай аймгийн Хотонт сумын ЖДҮ эрхлэгч Т.Батзаяа “Бид энэ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож, нутгийнхаа сайхан айргийг зарж байна. Нэг литр айраг 9000 төгрөг, ихээр авбал 8000 төгрөг. Ирэх жил ч мөн энэ үзэсгэлэнд дахин оролцоно. Сар шинийн баяр дөхөж байгаа учраас хөл хөдөлгөөн ихэссэн, худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдэд манайхаас айраг авч байсан хүмүүс дахин ирж худалдан авалт хийж байгаад баяртай байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Б.Баянжаргал “Манайх сарлагийн шар тостой хэвийн боов үйлдвэрлэдэг. Энэ жил “Амар байна уу” үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож байна. Хэвийн боовоос гадна ааруул, цагаан идээ борлуулж байгаа. Ул боов 9000 төгрөг, тахилын боов 4500 төгрөг, тавгийн идээний ааруул 40 мянган төгрөг, бусад ааруулаа 35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Түрээсгүй зогсож байгаа учраас үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Бусад газарт түрээс төлж бүтээгдэхүүнээ борлуулахад зардал өндөр байдаг. Жил бүр ЖДҮ эрхлэгчдэд түрээсгүй зогсох боломж олгодогт баярлалаа” гэсэн юм.

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид иргэдийн худалдан авалт, борлуулалт нэмэгдсэн гэдгийг онцолж байна. Үзэсгэлэн нээгдээд удаагүй байх үед борлуулалт дундаж түвшинд байсан бол сүүлийн 10 хоногт эрэлт огцом өсжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох