Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ковид-19 цар тахлын халдварын хорио цээрийн дэглэмийн үед ХЭҮК-оос хийж хэрэгжүүлж буй ажлууд

Огноо:

,

Дэлхий нийтэд Ковид-19 буюу цар тахлын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор нэн түрүүнд амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хөндсөн юм. Үүний зэрэгцээ хүний бусад эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, гадны улс оронд байгаа иргэд тухайн улсын иргэдийн адил эрх үүрэг эдэлнэ гэдэг хүний эрхийн олон төрөл хэлбэрийг хөндөж, хөдөлмөрлөх, сурч боловсрох, шилжин суурьших, аж ахуй эрхлэх зэрэг эрх зөрчигдсөн асуудал гарсаар байна.

2020 оны 04 дүгээр сард УИХ-аас баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.5-д “Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина” гэсний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. Тухайлбал,

  1. Тус хуулийг батлан гаргах хэрэгцээ, шаардлага, түүнд хамаарах бусад хуулийн төсөлд хүний эрхийн зарчмууд, хэм хэмжээг тусгахыг санал болгож байв. Улмаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд болон түүнийг дагалдан гарсан хуулиудын төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, саналаа хүргүүлэв.
  2. ХЭҮК-ын удирдлагууд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлд, хөл хорио, тусгаарлалтын явцад хүний эрхийн олон улсын эрх зүй, хэм хэмжээнд нийцүүлж, эрсдэлт болон туслалцаа шаардлагатай бүлгийнхний онцгой хэрэгцээг анхаарах, хариу арга хэмжээний үеэрх хүний эрхийн болзошгүй зөрчлийн эрсдлийг бууруулж шийдвэрлэх шаардлагатайг Улсын Онцгой Комисст сануулж, уулзаж, зөвлөмж өгч байсан болно.
  3. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн 59 санал авах байр, 16 цэцэрлэг, 54 сургууль, 32 хорооны байр болон их, дээд сургуулиудын байр, дэлгүүр, номын сан, зэвсэгт хүчний анги зэрэг 50 байр, 19 аймгийн 93 санал авах байр, нийт 152 хэсгийн хороонд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдалд үнэлгээ хийж, нэгдсэн дүнг үндэслэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж ажиллах талаар Сонгуулийн Ерөнхий Хороонд албан саналыг хүргүүллээ. Гадаад улс орноос ирсэн, түр тусгаарлагдаж байгаа иргэдийг УИХ-ын 2020 оны сонгуулийн санал өгөх боломжоор хангаж, сонгох эрхийг хангах талаар Улсын Онцгой Комисст санал хүргүүлсэн.
  4. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 05, 06, 07 дугаар сард НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирустай холбоотойгоор оролцогч улсуудад ирүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилт болон хорио цээрийн дэглэмийг хэрхэн хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлыг тандаж, дараах байгууллагад хяналт шалгалт, үнэлгээ хийж ажиллалаа. Үүнд:

ü Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмадын асрамж, хөгжлийн төв

ü Хүүхдийн асрамжийн төв

ü Түр хамгаалах байр

ü Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

ü Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд

ü Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн анги, отрядууд

ü ШШГЕГ-ын харьяа Улаанбаатар хот, орон нутаг дахь 11 хорих ангид

ü ЦЕГ-ын харъяа баривчлах, түр саатуулах, эрүүлжүүлэх байрууд зэрэг 7 объектод байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл цуглуулж, дүн мэдээллийг нэгтгэж, холбогдох газруудад ХЭҮК-ын гишүүний Шаардлага, зөвлөмж хүргүүлж, зөрчил, дутагдлыг арилгуулахад хяналт тавьж ажиллахыг зэрэгцээ НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороонд мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байна.

 

104239267_262697891825107_6958512245251648947_n.jpg
  1. БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, тус улсад оршин сууж байгаа Монгол иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сард хүргүүлснээр тус байгууллага өөрийн орны Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам зэрэг төрийн байгууллагууддаа иргэний харьяаллаас үл хамааран үйлчилгээ үзүүлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн бодлогодоо тусгах, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар саналыг илгээсэн билээ.
  2. Ковид-19-ийн үед хорио цээр тогтоосонтой холбоотойгоор гадаадаас эх орондоо ирж чадахгүй байгаа болон эх орондоо ирээд тусгаарлагдсан иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шийдвэрлүүлэхээр тухай бүрт Улсын онцгой Комисст шилжүүлж шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ. 

Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  

Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.

Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. 

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.

Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын болон дотоодынх нь зах зээлд нийлүүлэлт доголдолтой хэдий ч ОХУ-ын тал шатахуун нийлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.

Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох