Шударга мэдээ
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд
- КОРОНАВИРУСНИЙ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 9 дүгээр сарын 3-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.
Үүнд:
• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусний шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• коронавирусний шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусний шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.
- ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ -
• Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
- ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ -
• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Шударга мэдээ
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Шударга мэдээ
ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гаргалаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм.
Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга, МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ.
Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.
Шударга мэдээ
Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ
Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний цогц загвар бий болгож, төслийн үр дүнд тулгуурлан цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зорилготой.
Төслийн хэрэгжилт Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал үргэлжилнэ.
