Цаг үе
Автомашины зогсоолоос цогцос олджээ
Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс болох Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хамгаалалт авч үзлэг, шалгалт хийж ажиллаж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Цаг үе
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 477 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 122 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Үндэсний статистикийн хороо, “Эрдэнэс алт ресурс” ХХК, УБТЗ ХНН, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 141 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Аймгийн төсвийн 40 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийн дүгнэлт гаргах, акт тавих, шаардлага өгөх зэргээр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан хувьдаа ашиг олж байсан, хамаарал бүхий этгээдээсээ шууд худалдан авалт хийдэг, их засварын ажил гүйцэтгэгч байгууллагатай хуйвалдан төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.
Цаг үе
"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ
Даатгуулагч та 1818.mn цахим системийн "Хөнгөлөлттэй эм" цэсэнд хандаж, ангиллаар болон эмийн нэрээр хайх, нөөцтэй эмийн санг ялган харах, эмийн тоо ширхэгээр нийт үнийг тооцоолох боломжтой боллоо.
Түүнчлэн ЭМД-аас хариуцах болон даатгуулагчаас төлөх төлбөрийн мэдээлэл авах зэргээр хөнгөлөттэй эмтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос харах боломжтой.
Мөн “Надтай ойр” хэсгийг ашигласнаар таны байршилд суурилан ойролцоох эмийн сангуудыг хурдан хайж, шаардлагатай эмээ цаг алдалгүй авах боломж бүрдэнэ гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг үе
Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын VIII хуралдааны хүрээнд БНБУ-д ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монгол, Беларусийн Засгийн газар хороондын комиссын VIII хуралдааны хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсад энэ өдрүүдэд албан айлчлал хийж байна.
Тэрбээр айлчлалын хүрээнд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр Беларусь улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцээ хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол - Беларусын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг болон Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд, ААН-үүдийн төлөөлөл оролцож байна.
Төлөөлөгчид өнөөдөр Беларусийн хөдөө аж ахуйн машин механизмын тэргүүлэх үйлдвэрлэгч Минскийн тракторын үйлдвэр (МТЗ), Минскийн автомашины үйлдвэр (МАЗ) зэрэг томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн туршлага, технологийн шийдлийг судаллаа.
Мөн хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, инженер техникийн боловсон хүчин бэлтгэх, инновац, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Минскийн тракторын үйлдвэр нь 1946 оны 5-р сарын 29-нд байгуулагдсан. Төв байр нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод байрладаг. 80 жилийн түүхэнд тус үйлдвэр 4 сая гаруй трактор үйлдвэрлээд байна. Жилд 45 мянга орчим машин үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний 90 гаруй хувь дэлхийн 125 оронд экспортлогддог нь дэлхийн тракторын зах зээлийн 8-10 хувийг эзэлж байна. Үйлдвэрт 15 мянган гаруй хүн ажилладаг.
МТЗ нь Монголтой хамтран ажиллаж ирсэн арвин түүхтэй. 1986 онд үйлдвэр нь Монгол Улсын "Алтангадас" одонгоор шагнагджээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын айлчлалын хүрээнд Монгол Улсад трактор нийлүүлэх угсралтын үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэн эхлүүлэхээр боллоо. Тухайлбал, Минскийн тракторын үйлдвэр” (МТЗ)-ийн Ерөнхий захирлын орлогч А.А.Казакевичтэй уулзан Беларусь талаас МТЗ, ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон юм.
Минскийн автомашины үйлдвэр нь Зүүн Европ дахь ачааны машин, автобус, тусгай техникийн хамгийн том үйлдвэрлэгч. 1944 оны 8-р сарын 9-нд Минск хотод байгуулагдаж, анх засварын газар болж ажиллаж эхэлсэн. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа 1947 онд анхны МАЗ-200 ачааны машиныг угсарч эхэлсэнээр эхлүүлсэн түүхтэй.
Одоогийн байдлаар МАЗ нь хүнд даацын ачааны машин, тусгай зориулалтын машин, автобус, троллейбус, чиргүүл техник үйлдвэрлэдэг. 500 гаруй загвар, 3000 гаруй модификаци бүхий өргөн хүрээний автотехникийг үйлдвэрлэж байна. 2024 онд 15,000 ширхэг техник үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалт 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үйлдвэрлэсэн техникийнхээ 70 гаруй хувийг экспортлодог бөгөөд экспортын 62 орчим хувь нь ОХУ-д нийлүүлэгддэг. Өнөөдрийн байдлаар нийт экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллараас даваад байна.
Монгол Улс, Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж ирсэн. Өнөөдөр хоёр улсын иргэд харилцан 90 хүртэл хоног визгүй зорчиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрх зүйн орчин бүрэн бүрдээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 310 дугаар тогтоолоор баталсан “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд онцгой байдал, нийтийн үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимжиж, салбаруудын чадавх нэмэгдсэн.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 310 дугаар тогтоолоор “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталснаар дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
Үүнд, ОБЕГ-т гал унтраах 73 автомашин , Минскийн автомашины үйлдвэрийн замын засвар, цэвэрлэгээний 42 автомашин, хөдөө аж ахуйн салбарт трактор 117 МТЗ трактор, 417 техник нийлүүлсэн юм.
Энэхүү айлчлалын ач холбогдлыг Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэхэд чухал алхам болно гэж талууд үзэж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


